Оросын талд тагнуулаар ажиллаж байсан хэргээр АНУ-ын цэргийн алба хаагч Их Британид баривчлагдав
Ираны зүгээс учирч болзошгүй аюулын улмаас Британи дахь цэргийн баазуудаас АНУ байлдааны онгоцнуудаа татсаны дараахан Оросын тагнуулын албанд тусалсан гэх хэрэгт сэжиглэгдсэн АНУ-ын армийн ахлах алба хаагчийг баривчилсан тухай Британийн цагдаагийн байгууллага Мягмар гарагт мэдээлжээ.
Холбооны Мөрдөх Товчооны (FBI) захирал Кэш Пател 41 настай алба хаагчийг баривчилсан явдал нь "АНУ болон манай холбоотнуудын хувьд нэн ноцтой асуудал болох тагнуулын хэрэгт сэжиглэгдсэнтэй холбоотой" гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын армийн сөрөг тагнуулын албаны командлагч, бригадын генерал Шон Стинчон "Нууц мэдээлэлтэй харьцах эрх бүхий ахлах алба хаагчийн үйлдсэн гэх энэ хэрэг нь байгууллагын дотоодоос гарах аюул занал бодитой бөгөөд байнгын шинжтэй байдгийг сануулсан ноцтой дохио юм" гэж нэмж хэлжээ.
Лондон хотын цагдаагийн газрын терроризмтой тэмцэх нэгж уг хэргийг илрүүлэхэд FBI болон АНУ-ын армитай нягт хамтран ажилласнаа мэдэгдсэн байна.
Английн баруун бүсэд орших Глостер хотын ойролцоо Мягмар гарагт болсон уг баривчилгаа нь "терроризмтой тэмцэх чиглэлээр одоо явагдаж буй бусад мөрдөн шалгах ажиллагаатай ямар ч холбоогүй" болохыг Британийн цагдаагийн байгууллага онцолжээ.
Гэвч энэ үйл явдал Британи дахь агаарын баазаас АНУ түлш цэнэглэгч онгоцнуудаа татан авснаас хойш нэг хоногийн дараа тохиосон бөгөөд энэ нь сүүлийн гурван сарын хугацаанд гарсан хоёр дахь ийм төрлийн нүүлгэн шилжүүлэлт болсон юм.
"The Wall Street Journal" сонины мэдээлснээр Ираны зүгээс учирсан аюул заналын улмаас Даваа гарагт Английн зүүн хэсэгт байрлах Британийн Хааны агаарын цэргийн хүчний (RAF) Милденхолл баазаас АНУ онгоцнуудаа татсан байна.
Есдүгээр сард Иранд довтлоход ашиглагдаж байсан бөмбөгдөгч онгоцнуудаа RAF Фэйрфорд баазаас АНУ татаж байсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллага уг үйл явдлыг Ирантай холбон тайлбарлаж байсан ч Техраны эрх баригчид уг халдлага болон бусад үйл явдлуудтай ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэж, эрс үгүйсгэж байв.
Мягмар гарагт баривчлагдсан АНУ-ын армийн албан тушаалтныг үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 1 ба 3-р зүйлд заасан гэмт хэрэгт сэжиглэн саатуулсан байна. Эдгээр зүйл заалт нь нууц мэдээллийг олж авах, задруулах, мөн гадаадын тагнуулын албанд туслалцаа үзүүлэхтэй холбоотой байдаг.
Цагдаагийн байгууллага уг хэрэгт холбогдсон улс нь Орос болохыг баталсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
