ЭМГЭНЭЛ: Баянхүүгийн АЮУШЖАВ (1942-2026)
БАЯНХҮҮГИЙН АЮУШЖАВ
/1942–2026 он/
Бидний хайрт аав, халамжит хань, Монгол Улсын Хүний гавьяат эмч, клиникийн профессор, Алаг адуу овогт Баянхүүгийн Аюушжав 2026 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Бидний аав Б.Аюушжав нь Ховд аймгийн Дарви сумын Нүхт овгор хэмээх газар хүн эмнэлгийн сувилагч Баянхүү, Дулам нарын гэр бүлд долоон хүүхдийн тав дахь нь болон мэндэлсэн. Гурван эгч, нэг ах, хоёр эмэгтэй дүүтэй өнөр өтгөн гэр бүлд өсөж, 11 нас хүртлээ эцэг эхийнхээ гар дээр хүмүүжсэн.
1953 онд Хайрхан сумын бага сургуульд элсэн орж, дөрөвдүгээр ангиа дүүргэн, улмаар Ховд аймгийн төвийн долоон жилийн дунд сургуулийн долдугаар ангийг төгссөн байна. Дараа нь Ховд хотын арван жилийн дунд сургуулийн наймдугаар ангид суралцаж, 1963 онд сургуулиа онц дүнтэй, алтан медальтай төгсөж, сурлага хөдөлмөрөөрөө үеийнхнээ манлайлж байв.
1968 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг дүүргэж, хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. Улмаар сэтгэцийн эмгэг судлалын нэрт багш Ш.Доржжадамба, Ц.Гүрдорж нарынхаа урилгаар Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт үзлэгийн эмчээр ажиллаж, эмч хүний эрхэм үйлсэд амьдралаа зориулсан мэргэжлийн замналынхаа эхлэлийг тавьсан билээ.
Аав минь 1968–1975 онд тус эмнэлэгт үзлэгийн эмч, тасгийн эрхлэгч, эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж, 1976 оны нэгдүгээр сараас 2008 он хүртэл шинээр зохион байгуулагдсан Сэтгэл мэдрэлийн улсын диспансерийн орлогч даргын албыг хашсан юм.
1970–1980-аад онд Монгол Улсад сэтгэцийн эмгэг судлалын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ эрчимтэй хөгжиж байсан түүхэн үед аав минь багш Ш.Доржжадамба, Ц.Гүрдорж нарынхаа удирдлага дор хамтран зүтгэгч эмч, мэргэжилтнүүдтэйгээ хүч хөдөлмөрөө нэгтгэн, өнөөгийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үндэс суурийг тавилцаж, хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Аав минь 1971 онд сэтгэцийн эмгэг судлалын тэргүүлэх зэрэг хамгаалж, клиникийн профессор цол хүртсэн. 1974–1975 онд сэтгэцийн эмгэг судлалын нарийн мэргэжлийн сургалтад хамрагдаж, 1975–1976 онд тухайн үеийн ЗХУ-ын Москва хотын П.Б. Ганнушкины нэрэмжит Сэтгэцийн эмгэг судлалын хүрээлэн, Ленинград хотын В.М. Бехтеревийн нэрэмжит Психоневрологийн хүрээлэнд мэргэжил дээшлүүлжээ.
Мөн ЗХУ-ын Томск хотын Сэтгэцийн эмгэг судлалын институт, Финланд Улсад мэргэжлийн туршлага судалж, Бельги, Япон, Чех зэрэг оронд зохион байгуулагдсан сэтгэцийн эрүүл мэндийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд эх орноо төлөөлөн оролцож байсан нь түүний мэргэжилдээ хэрхэн үнэнч, мэдлэг боловсролоо тасралтгүй дээшлүүлдэг байсныг илтгэнэ.
Аавын минь удирдлага, санаачилгаар Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр олон чухал шинэчлэл хэрэгжиж байсныг бид бахархалтайгаар дурсаж байна. Салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө мэдлэг, туршлага, сэтгэл зүрхээ зориулж, олон мянган хүнд мэргэжлийн тусламж, үйлчилгээ хүргэхийн зэрэгцээ олон эмч, мэргэжилтний ур чадвар, мэргэжлийн замналд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Аавын минь олон жилийн хөдөлмөр, бүтээлч үйлсийг төр засгаас үнэлж, 1978 онд Эрүүл мэндийн яамны Жуух бичиг, 1980 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, 1971, 1981, 1991, 2001, 2011 онуудад Ардын хувьсгалын ойн медалиудаар, 2008 онд “Алтан гадас” одон, 2013 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнасан билээ. 2026 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Хүний гавьяат эмч” хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн нь аавын минь олон жилийн нөр их хөдөлмөр, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зориулсан амьдралынх нь үнэ цэнийг төр засаг үнэлсэн бахархалт үйл явдал болсон юм.
Бидний аав ажил мэргэжлийнхээ төлөө амьдралынхаа бүхий л хугацааг зориулсан төдийгүй гэр бүл, үр хүүхдүүддээ ч үлгэр дуурайл болсон эрхэм хүн байв. Хүний төлөө гэсэн хүнлэг, энэрэнгүй сэтгэлтэй, бусдыг ойлгож хүндэлдэг, аливаад уужуу тайван, ухаалаг ханддаг зан чанар нь бидний хувьд амьдралын хамгийн том сургаал, үнэт өв болон үлдэж байна.
Аав минь хөгжилтэй, хошин мэдрэмжтэй, ажил хэрэгч, хүний мөс чанарыг эрхэмлэдэг, эргэн тойрныхондоо үргэлж урам зориг, инээд баясал бэлэглэж явдаг нэгэн байлаа. Аавынхаа хэлсэн үг, өгсөн сургаал, биднийг гэсэн халамж, хайр энэрэл, хамтдаа өнгөрүүлсэн эгэл жирийн атлаа хамгийн нандин мөчүүдийг бид насан туршдаа сэтгэлдээ тээж явах болно.
Бидний түшиг тулгуур, гэр бүлийнхээ ноён нуруу болсон аав минь бидэнд хүн байх ухаан, бусдыг хайрлах сэтгэл, хөдөлмөрч, шударга, хариуцлагатай амьдрахын үнэ цэнийг үлгэрлэн харуулсан юм. Аавынхаа туулсан амьдрал, хийж бүтээсэн үйлс, үлдээсэн сайхан нэр, хүн чанараар нь бид үргэлж бахархаж явах болно.
Хайрт аавын минь гэгээн дүр төрх, хүнлэг энэрэнгүй зан, уужуу тайван ухаан, инээд баясал, хайр дүүрэн дурсамж бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдан үлдэнэ.
Ум сайн амгалан болтугай.
Үр хүүхэд, хань ижил, төрөл төрөгсдөөс нь
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
