Б.Пүрэвдагва: Төсвийн мөнгөөр такси авч, үйлчилгээнд нэвтрүүлэхгүй
Такси үйлчилгээний талаар иргэдээс олон гомдол, санал ирдэг байна. Цаашид такси үйлчилгээг хэрхэн зохицуулах тухай өнөөдөр болж буй НИТХ-ын хурал дээр хотын дарга Б.Пүрэвдагва байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Такси үйлчилгээний талаар иргэдээс маш олон гомдол, санал ирсэн. Хувийн хэвшлийнхэнтэй уулзалт зохион байгуулж, зохицуулалтуудыг хийх шаардлагатай. Төсвийн мөнгөөр такси авч, үйлчилгээнд нэвтрүүлэхгүй.
Такси үйлчилгээ эрхлэгч хувийн байгууллагуудтай хамтарч зөв бодлого гаргаж, зохицуулах байр суурьтай байгаа" хэмээв.
Улаанбаатар хотод 2025 оны байдлаар таван аж ахуйн нэгжийн 221 албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээ эрхэлдэг байна.
Өнгөрсөн онд НЗДТГ-аас Улаанбаатар хотын албан ёсны такси үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан хөдөлгүүртэй/PHEV/ 2,000 автомашиныг таван жилийн хугацаанд авч, үйлчилгээнд явуулах төслийг НИТХ-д танилцуулсан ч дэмжигдээгүй билээ. Эдгээрийг авах анхны хөрөнгө оруулалт ₮77 тэрбумын 74% буюу ₮57 тэрбумыг хувийн хэвшлээс гаргах бол үлдсэн 26%-ийг Нийслэлийн Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангаас хүүгүй, зургаан жилийн хугацаанд эргэн төлөхөөр тооцоолсон байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
