Б.Пүрэвдагва: Хувийн хэвшлийн болон иргэний эрхэлж буй такси үйлчилгээнд төр оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа
Такси үйлчилгээний талаар хотын дарга Б.Пүрэвдагва өнөөдөр сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Гаднаас такси оруулж ирэх төсөлтэй танилцаагүй байна.
Такси үйлчилгээ нь UBCab зэрэг хувийн хэвшлийн хийж чадах ажил. Мөн иргэд хувиараа таксинд явж орлогоо олдог салбар байдаг. Үүнд төр оролцож, зохион байгуулалт хийх онцын шаардлагагүй гэж хувь хүний зүгээс үзэж байгаа" гэв.
2025 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын такси үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах тухай тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцэхээр болж иргэд эсэргүүцсэн билээ.
Сануулахад уг төсөлд Улаанбаатар хотын албан ёсны такси үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан хөдөлгүүртэй/PHEV/ 2,000 автомашиныг таван жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбож үйлчилгээнд явуулна.
Эдгээрийг авахдаа анхны хөрөнгө оруулалт 77 тэрбум төгрөгийн 74% буюу 57 тэрбумыг хувийн хэвшлээс гаргах бол үлдсэн 26%-ийг Нийслэлийн Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангаас хүүгүй, зургаан жилийн хугацаанд эргэн төлөхөөр тооцоолсон гэж тусгасан байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
