Улаанбаатар хотын такси үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах тухай тогтоолын төслийг НИТХ хэлэлцэх гэж байна.
Төслийн танилцуулгад дурдсанаар Улаанбаатар хотын албан ёсны такси үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан хөдөлгүүртэй/PHEV/ 2,000 автомашиныг таван жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбож үйлчилгээнд явуулах гэнэ. Тухайлбал эхний жилд 1,000, гурав, тав дахь жилд тус бүр 500 такси авах юм байна.
Хувийн хэвшлийн түншлэгчээр шалгарсан такси үйлчилгээг эрхлэгч ААН нь аж ахуйн буюу баазын системээр нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөгдөх дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулна хэмээн тогтоолын төсөлд тусгасан байна.
"Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй таван ААН 221 тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлдэг бол зөвшөөрөлгүй 40,000 гаруй такси явж, эдгээрээр 90,000 гаруй зорчилт хийгддэг гэсэн судалгаа гарчээ. Уг судалгаа нь таксигаар үйлчлүүлэх эрэлт их байгааг харуулж байна.
Нийслэл хот болон аймаг, сумуудад зөвшөөрөлгүй таксины үйлчилгээ газар авч иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол цөөнгүй гарч байна. Нэгдсэн удирдлагын системтэй, албан ёсны такси нь иргэдийг аюулгүй нөхцөлд тухтай үйлчлүүлэх, зам тээврийн осол болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой, байгальд ээлтэй" хэмээн танилцуулгад дурджээ.
Уг тогтоолын төслийг маргааш болох НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргахаар товлосон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!