Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Амьдралыг минь хөмөрсөн таксины жолоочид оноосон ял нь хоёр сар машин барихгүй, хоёр жил орон нутгаас гарахгүй байх. Дэндүү гомдолтой байна"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Таксины жолоочийн балмад үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирч, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн П.Ганцацрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. 

Тэрбээр 2024 оны хоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө дэлгүүр ороод буцаж харих замдаа таксинд суусан байна. Очих хаягаа хэлэхэд жолооч өөр тийш явж, түүнийг ухаан алдтал зоджээ. Гэвч энэхүү аймшигт хэрэгт тун хөнгөн ял шийтгэл оноосон гэдгийг хохирогч хэлж буй юм.

Иргэн П.Ганцацрал "Би 44 настай, таван хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй. Хаягаа хэлсэн ч чигээрээ явчхаар нь буруу ойлгосон байна гэж бодоод дахиад хэлэхэд шууд нүүр рүү маань цохисон. Би ганцаараа явсан тул айсан, ухаан алдсан учраас тухайн үед юу болсныг мэдээгүй. Сэхээнд 3-4 хоног байгаад ухаан орсон. Бие огт хөдлөхгүй, нүүр битүү хаван, хамрын яс хугарсан байсан.

Тэр явдлаас хойш би гурван удаа хагалгаанд орлоо. Дахиад гурван удаа хагалгаанд орох ёстой. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж эмч хэлсэн. Би одоо алхаж гишгэж чадахгүй, өсгий ясаараа байгаа тул үргэлж боож байна. Өдөр бүр өвчин намдаагч уудаг.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ хэргийг үйлдсэн хүнийг олохгүй байна гээд л байсан. Харин Налайхын байцаагч н.Гүрбазар гэж хүү бий, түүнд маш их баярладаг. Хяналтын камер шүүсээр байгаад гурав хоноод оллоо, 28 настай н.Энхсайхан гэдэг хүн байна, Цагаан хаднаас баривчилсан гээд над дээр ирсэн. 

Хэрэгтнийг олж, урьдчилсан хэлэлцүүлгээр гэм буруутай гэж тогтоосон. Түүнээс хойш зөндөө удаа шүүх хурал болж байхад дандаа хойшлуулчихдаг. Түүнд оноосон ял нь хоёр жил орон нутгаас гарах эрхгүй, хоёр сар машин жолоодохгүй байх. Тийм л ял өгсөн. Сэтгэл санааны хохиролд 16 сая төгрөг гэсэн.

Тэр хүн миний амьдралыг хөмрөөд хаячихсан шүү дээ. Дэлгүүр орж хүүхдүүддээ юм аваад, такси бариад харих гэж байсан намайг ийм байдалтай болгочихсон. Огт танихгүй хүн намайг ийм болгочхоод байна. Шүүх, прокурор нь яагаад энэ хүнд ийм ял өгч байгаа юм бэ, би яах вэ. Ундаа хулгайлсан хүүхэд 10 жилийн ял авсан байдаг биз дээ. Үнэхээр гомдолтой байна.

Намайг зүгээр л гэрт маань хүргэж өгсөн бол би ажлаа хийгээд л, есдүгээр сарын 1-нд хүүхдээ хөтлөөд хүргэж өгөх байлаа шүү дээ.

Охид бүсгүйчүүд минь ямар машинд сууж байгаагаа маш сайн харах ёстой юм байна. Хүнд итгэхэд хэцүү болсон байна гэж хэлмээр байна" гэв.

Иргэн П.Ганцацрал давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал нь есдүгээр сарын 5-нд товлогджээ. 

Түүнээс хэрэгтэн эмчилгээний зардалд мөнгө өгсөн эсэх талаар тодруулахад "Надаас гарсан эмчилгээний зардал 10 гаруй сая төгрөг. Түүнийг шүүхээс хэрэгт хамааралгүй гээд хасчихсан. Сэтгэл санааны хохирол гээд 16 сая төгрөг гэсэн. Миний бие эрхтэн ердөө 10 гаруйхан сая төгрөг л билээ.

Би шүүх хуралд очих бүрдээ эмийн сангийн баримт, нааш цааш явсан таксины баримт гээд бүгдийг нь цуглуулаад өгдөг. Нэгдүгээр сарын сүүлээр болсон шүүх хурлын үеэр надад 1,140,000 төгрөг өгсөн. Би нэлээд өр зээлтэй учраас түүгээр нь зээлээ төлөөд гар дээрээ 53,000 төгрөгтэй үлдсэн. Мөн Эрүүл мэндийн даатгалд 5.6 сая төгрөг тушаасан гэсэн тамгатай цаас харуулсан. Өөрөөр надад мөнгө өгөөгүй, эмнэлэгт байхад ар гэрийнхэн нь ч эргэж ирээгүй" гэв.

Мөн иргэн П.Ганцацралын хэлж буйгаар хэрэгтэн энэ хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дахин хэрэг үүсгүүлсэн байна.