Ерөнхийлөгч такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, “UBCab”-ын жолоочид гавьяат тээвэрчин цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1.8 сая хэрэглэгчтэй “UBcab” компани болон 120 мянга гаруй жолоочийн төлөөлөл болсон такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзжээ.
Ерөнхийлөгч, орлого олж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдийн итгэлийг хүлээсэн, шаардлага хангасан, найдвартай, аюулгүй, соёлтой үйлчилгээ нэвтрүүлж байгаа такси үйлчилгээ эрхлэгчдэд талархал илэрхийлсэн байна.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцуулж, цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриалжээ.
“UBCab” нь зөвхөн такси дуудлагын бус, хоол, хүнс, шуудан хүргэлт, шуурхай илгээмж, дуудлагын жолооч, яаралтай авто тусламж зэрэг үйлчилгээг нэгтгэсэн технологийн компани юм. Энд орон даяар 120 мянган жолооч хөдөлмөр эрхэлж, орлого олдог бөгөөд тэдний дунд багш, эмч, төрийн албан хаагч, ахмад настан гээд бүх салбарын иргэд нэгддэг аж.
Сүүлийн таван жилд “UBCab” компани улсын төсөвт 11 тэрбум, жолооч нар 4.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн бөгөөд тус компани төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан жолооч нарынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байгааг гүйцэтгэх захирал О.Золбаяр хэлжээ.
Ерөнхийлөгч такси үйлчилгээ эрхлэгчидтэй уулзах үеэрээ “UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээж, нэр бүхий жолооч нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Тээврийн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувь, нийт ажиллах хүчний 6-8 хувийг эзэлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!


















