ICT-ийн сүүдэрт нуугдсан салбар: Монголыг IT салбарын бодит дүр төрх, үнэлэмж

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг зөвхөн дотоодын зах зээлийн хэмжээгээр хязгаарлах боломжгүй болжээ. Салбараа зөв тодорхойлж, бодит хэмжээг нь тогтоож, нэгдсэн бодлогоор хөгжүүлэн олон улсын зах зээлд өрсөлдөх цаг нэгэнт иржээ.

Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (МИТА) ТББ байгуулагдаад 2 жил болж байна. Холбоо нь анх байгуулагдахдаа Монголын IT-ийн салбарын хууль эрх зүйн болон бизнесийн орчныг боловсронгуй болгох, салбарын үнэлэмж, нийгэмд эзлэх байр суурийг шинэчлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, үндэсний технологийн компаниудыг гадаад зах зээлд гаргах, салбарын оролцогчдыг нэгдсэн платформд нэгтгэх зэрэг үндсэн зорилтыг дэвшүүлсэн юм. Эдгээр нь зөвхөн мэргэжлийн холбооны хүрээнд шийдэгдэх асуудал биш. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхтэй шууд холбоотой.

Энэ хүрээнд МИТА-гийн санаачилгаар Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо (МОСА), Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо, Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, шийдэл нийлүүлэгчдийн холбоотой хамтран “IT WORLD ’26” Олон улсын форум & экспо арга хэмжээг зохион байгууллаа. Форумын гол зорилгын нэг нь мэдээллийн технологи гэж чухам юуг хэлэх, Монголын IT-ийн салбар ямар цар хүрээтэй, эдийн засагт ямар нөлөөг үзүүлж байгаа, цаашид ямар бодлогоор хөгжих талаар салбарын нэгдсэн байр суурийг тодорхойлох байв.

ICT ГЭСЭН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТООС IT САЛБАРЫН ТОДОРХОЙЛОЛТ РУУ

зураг
 

Сүүлийн арав гаруй жилд мэдээллийн технологийн салбар нь ICT буюу мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, технологи гэсэн өргөн ойлголтын дор хөгжиж ирлээ. Үүний улмаас мэдээллийн технологийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг компаниудын үйл ажиллагааны хүрээ, эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр, салбарын хил хязгаарыг тодорхойлох асуудал орхигдсон гэж салбарын төлөөлөл үзэж байна.

Салбараа тодорхойлж чадахгүй бол хэмжих боломжгүй. Хэмжиж чадахгүй бол хөгжлийн бодлогоо оновчтой тодорхойлох боломжгүй.

Энэ зарчмыг баримтлан МИТА нь дээр дурдсан гурван холбоо болон Мэдээллийн технологийн захирлуудын клубтэй хамтран салбарын хүрээг тодорхойлох, зах зээлийн багтаамж, хүний нөөц, компаниудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын чиглэлийг судлах ажлыг хийжээ. Судалгааны үр дүнг форумын үеэр МИТА ТББ-ын Ерөнхийлөгч, “Могул групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Баттулга танилцууллаа.

Өмнө нь мэдээллийн технологийн салбарыг голчлон программ хангамжийн үйлдвэрлэлээр төсөөлдөг байсан бол өнөөдөр дэлхий дахинд IT-ийн салбарын үйл ажиллагаа нь хамаагүй өргөн хүрээг хамарч байна. Иймд олон улсын ангилал, зах зээлийн өөрчлөлттэй уялдуулан IT салбарыг дараах 5 үндсэн чиглэлээр авч үзэх шаардлагатайг форумын үеэр онцоллоо. Үүнд:

  1. Программ хангамж, хөгжүүлэлт
  2. Техник хангамж, шийдэл
  3. Мэдээллийн технологийн үйлчилгээ
  4. Кибер аюулгүй байдал, аудит, нийцэл
  5. Их өгөгдөл, аналитик ба хиймэл оюун

Ийнхүү ангилснаар салбарын хил хязгаарыг тогтохоос гадна ямар компанийг IT-ийн салбарын оролцогч гэж үзэх, тэдгээрийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг хэрхэн хэмжих, төрийн бодлогоор хэрхэн дэмжих зэрэг олон асуудлыг шийдвэрлэх суурь бүрдэнэ.

230 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗАХ ЗЭЭЛ: БОЛОМЖОО БҮРЭН АШИГЛАЖ ЧАДАЖ БАЙНА УУ?

зураг
 

Форумын үеэр танилцуулсан салбарын судалгааны урьдчилсан тооцоогоор Монгол Улсын мэдээллийн технологийн зах зээлийн багтаамж нь ойролцоогоор 230 сая ам.долларт хүрсэн бөгөөд салбар нь жилд 720 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж байна. Энэ нь Монгол Улсын ДНБ-ий 0.42 орчим хувийг эзэлж байгаа аж.

Мөн судалгаагаар мэдээллийн технологид зарцуулсан 1 ам.доллар нь эдийн засагт 3 ам.долларын нэмүү өртгийг бий болгох боломжтой бол мэдээллийн технологийн системийг нэвтрүүлснээр байгууллагын бүтээмж нь 15–26 хувиар, хиймэл оюуны хэрэглээгээр нь 20–40 хувиар нэмэгдэх боломжтойг дурджээ.

Эдгээр тоо баримт нь IT-ийн салбарыг зөвхөн технологийн бүтээгдэхүүн нийлүүлэгч бус, бусад бүх салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэгч эдийн засгийн чухал хүчин зүйл гэж харах ёстойг харуулж байна.

ХИЙМЭЛ ОЮУН БА ДИЖИТАЛ БҮРЭН ЭРХТ БАЙДАЛ: ШИНЭ ӨРСӨЛДӨӨНИЙ ТАЛБАР

зураг
 
МИТА ТББ-ын Ерөнхийлөгч, “Могул групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Баттулга

Хиймэл оюун нь дэлхийн мэдээллийн технологийн салбарт дараагийн томоохон шилжилтийг авчирч байна. Интернет нь дэлхийн эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг үндсээр нь өөрчилсөн шиг өнөөдөр хиймэл оюун нь үйлдвэрлэл, эрчим хүч, санхүү, боловсрол, төрийн үйлчилгээ гээд бүх салбарын бүтцийг өөрчилж эхэллээ.

Ялангуяа AI-ийн хөгжил нь дата төв, тооцоолох хүчин чадал, эрчим хүчний хэрэглээний огцом өсөлтийг дагуулж байна. Форумын үеэр танилцуулсан олон улсын зах зээлийн үзүүлэлтээр дата төвийн эрэлт, хөрөнгө оруулалтын өсөлт нь эрчим хүчний салбарын уламжлалт өсөлтөөс хэд дахин өндөр байгааг онцоллоо.

Үүний зэрэгцээ олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр улс орнууд нь дижитал дэд бүтэц, өгөгдөл, тооцоолох хүчин чадлынхаа аюулгүй байдалд илүү анхаарах болжээ. Өмнө нь компаниуд нь мэдээлэл, үйлчилгээгээ үүлэн технологид байршуулж, дэлхийн хаанаас ч ашиглах боломжийг эдийн засгийн давуу тал гэж үздэг байсан бол өнөөдөр дайн, геополитикийн зөрчил, худалдааны тариф, нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийн улмаас дижитал дэд бүтцийн найдвартай, бие даасан байдлыг стратегийн түвшинд авч үзэх шаардлагатай болсон.

Форумын үеэр Орос–Украины дайны нөхцөлд Yandex-ийн дата төвд гарсан халдлагын улмаас тухайн дэд бүтцээс хамааралтай зарим компанийн үйл ажиллагаа нь 24–48 цагийн турш тасалдсан жишээг дурдсан. Энэ нь Монголын компаниуд нь гадаадын ганц үйлчилгээ үзүүлэгч, ганц дата төв, ганц сүлжээнээс хэт хамааралтай байх нь хэр эрсдэлтэйг харуулж байна.

Тиймээс дижитал бүрэн эрхт байдал (Digital Sovereignty), хиймэл оюуны бие даасан чадавх (AI Sovereignty) гэсэн ойлголтууд нь улам чухал болж байна. Энэ нь бүх технологийг дотооддоо шинээр бүтээх тухай бус, харин үндэсний өгөгдөл, дэд бүтэц, тооцоолох хүчин чадал, технологийн шийдвэрийг гаргах чадамжаа хамгаалж, шаардлагатай үед бие даан ажиллах боломжийг бүрдүүлэх тухай асуудал юм.

Монгол Улсын хувьд төр, хувийн хэвшил нь хамтран үндэсний AI стратеги, өгөгдлийн засаглал, дата төвийн бодлого, мэдээллийн дэд бүтцийн газарзүйн тархмал байршлыг цогцоор нь авч үзэх шаардлагатайг МИТА онцолж байна.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ ЗАРДАЛ БИШ, СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

зураг
 
зураг
 
зураг
 

Сүүлийн арваад жилд Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн олон үйлчилгээ нь цахим хэлбэрт шилжсэн. Энэ нь иргэд, байгууллагын өдөр тутмын амьдралыг хялбарчилсан ч мэдээллийн аюулгүй байдал, кибер халдлага, өгөгдлийн хамгаалалттай холбоотой эрсдэлийг мөн нэмэгдүүлэв. Хиймэл оюуны хэрэглээ өргөжихийн хэрээр өгөгдлийн хамгаалалт, AI-ийн хариуцлагатай хэрэглээ, алгоритмын засаглал зэрэг шинэ асуудал ч гарч ирж байна.

Өөрөөр хэлбэл, технологийг нэвтрүүлэх нь дангаараа хангалтгүй. Нэвтрүүлсэн технологийн найдвартай ажиллагаа, мэдээллийн хамгаалалт, эрсдэлийн удирдлагыг хамтад нь шийдэх шаардлагатай. Байгууллагууд нь мэдээллийн аюулгүй байдлыг нэмэлт зардал бус, бизнесийн тасралтгүй ажиллагаа, хэрэглэгчийн итгэл, өрсөлдөх чадвараа хамгаалах стратегийн хөрөнгө оруулалт гэж ойлгох цаг иржээ.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО БОДИТ ҮР ДҮНД ХҮРЧ БАЙНА УУ?

зураг
 

Монгол Улсад “Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай” хууль батлагдсан ч түүний хэрэгжилт, бодит үр өгөөжийн талаар салбарынхан нь шүүмжлэлтэй байр суурьтай байна. Хууль батлагдсан нь өөрөө салбар хөгжиж буйн баталгаа болохгүй. Хуулийн үр дүн нь компаниудын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, ажлын байр, экспортод хэрхэн нөлөөлж байгаагаар хэмжигдэх ёстой.

Форумын үеэр танилцуулсан судалгаанд одоогийн зохицуулалтын хүрээнд салбарын компаниудад олгох татварын хөнгөлөлтийн боломжит хэмжээ, түүнийг хэрэгжүүлэхэд гарах захиргааны зардлын талаар анхаарал татахуйц тооцоо багтжээ. Тухайлбал, тодорхой нөхцөлд татварын хөнгөлөлтийн хэмжээ нь 930 сая орчим төгрөг буюу 1 тэрбум төгрөгт ч хүрэхгүй байхад уг зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах захиргааны зардал, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нь үүнээс давж болзошгүй аж. Харин салбарын компаниудыг илүү өргөн хүрээнд хамруулбал 5.7 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийн тухай яригдаж байна.

Эдгээр тооцоо нь татварын хөнгөлөлт, төрийн дэмжлэгийн бодит үр өгөөжийг дахин үнэлэх шаардлагатайг харуулж байна. Гэхдээ IT-ийн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөг зөвхөн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээгээр хэмжих боломжгүй. Бүтээмжийн өсөлт, экспорт, өндөр ур чадвартай ажлын байр, бусад салбарын технологийн шинэчлэлд оруулах хувь нэмрийг цогцоор нь тооцох ёстой. Иймд төрийн бодлого нь нэр төдий хөнгөлөлт, тусгай зохицуулалтаас илүүтэйгээр салбарын урт хугацааны өсөлт, өрсөлдөх чадварыг дэмжихэд чиглэх шаардлагатай.

ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ

Монголын IT-ийг салбарын өмнө тулгарч буй томоохон сорилтын нэг бол дотоодын зах зээлийн хязгаарлагдмал байдал юм. Салбарын компаниуд нь олон жилийн турш дотоодын хэрэгцээнд зориулсан программ хангамж, систем, технологийн шийдлийг боловсруулахад төвлөрч ирсэн. Гэвч зах зээлийн багтаамж нь хязгаарлагдмал, өрсөлдөөн нь улам ширүүсэж буй өнөө үед зөвхөн дотоодын эрэлтэд тулгуурлан томоохон өсөлтийг бий болгоход хүндрэлтэй болжээ. Үүн дээр төр нь өөрөө программ хангамжийг үйлдвэрлэж, хувийн хэвшлийн компаниудтай өрсөлдөж, салбарын компаниудын хамтын ажиллагаа нь сул байгаа зэрэг асуудал нэмэгдэж байна.

Тиймээс Монголын IT-тйг салбарын хөгжлийн дараагийн үе шат нь дотоодын хэрэгцээг хангахаас гадна хил дамнасан зах зээлд өрсөлдөж, экспортын чиг баримжаатай компаниудыг бий болгох явдал байх ёстой. Үүний тулд компаниудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын экосистем, олон улсын түншлэл, хүний нөөцийн чадавх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, дэлхийн зах зээлд хүрэх бизнесийн сувгийг хөгжүүлэх шаардлагатай.

Монголын технологийн компаниуд нь дэлхийн зах зээлд тус тусдаа гарах гэж оролдохоос илүүтэйгээр салбарын хэмжээнд туршлага, нөөцөө нэгтгэж, чадвартай нэгнээ дэмжих нь илүү үр дүнтэй байж болох юм.

НЭГ САЛБАР – НЭГ ПЛАТФОРМ: ХАМТЫН АЖИЛЛАГААНААС НЭГДСЭН БОДЛОГО РУУ

зураг
 

МИТА-г байгуулах болсон гол үндэслэлийн нэг нь мэдээллийн технологийн салбарын оролцогчдыг нэгтгэж, салбарын нийтлэг эрх ашиг, хөгжлийн бодлогыг тодорхойлох явдал байв. Салбарын компаниуд, мэргэжлийн холбоод нь тус тусдаа байр сууриа илэрхийлэх нь бодлогын түвшинд хангалттай нөлөөг үзүүлж чадахгүй байх эрсдэлтэй. Харин нэгдсэн судалгаа, нийтлэг зорилго, хамтын ажиллагаанд тулгуурласан байр суурь нь төр, хувийн хэвшлийн харилцааг илүү үр дүнтэй болгоно гэж холбоо үзсэн юм.

Салбарын холбоод нь хамтран зохион байгуулсан “IT WORLD ’26” Олон улсын форум & экспо арга хэмжээ нь энэ зарчмын бодит илрэл болж, IT-ийн салбарын нэгдсэн платформыг бий болгож чадлаа.

МИТА-гийн хувьд дараагийн арван жилийн зорилт нь Монголын IT-ийг компаниудын тоог нэмэгдүүлэхээр хязгаарлагдахгүй. Салбарын үнэлэмжийг өсгөх, экспортын чиг баримжаатай компаниудыг хөгжүүлэх, хиймэл оюун, өгөгдлийн засаглал, кибер аюулгүй байдлын бодлогыг төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь холбооны гол зорилт юм.

Монгол Улс нь мэдээллийн технологийн салбарыг зөвхөн дотоодын хэрэгцээг хангадаг үйлчилгээний салбар гэж харахаас илүүтэй бүс нутагтаа өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл, экспортын салбар болгон хөгжүүлэх нь чухал байна. Үүний эхлэл нь салбараа зөв тодорхойлж, бодит хэмжээг нь тогтоож, тоглоомын дүрмээ хамтдаа боловсруулах явдал юм.

ХАМТРАХГҮЙ БОЛ ТОМРОХГҮЙ. НЭГ САЛБАР – НЭГ ПЛАТФОРМ. МОНГОЛЫН IT-ИЙН САЛБАРЫН ДАРААГИЙН ӨСӨЛТ НЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНААС ЭХЭЛНЭ.

Дэлгэрэнгүй мэдээллийг унших бол: www.mita.org.mn, www.itworldmongolia.mn

Илтгэлүүдийг бүрэн хэмжээгээр сонсох бол:
www.youtube.com/@ITWORLDMongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.