Сураггүй алга болсон дөрвөн эмэгтэй одоо ч ОЛДООГҮЙ БАЙНА
Улсын хэмжээнд мэдэгдэж буйгаар дөрвөн эмэгтэй сураггүй алга болоод байна. Зарим нь алга болоод хоёр сар орчим болжээ. Энэ хугацаанд эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байгаа ч олдоогүй хэвээр байна.
Сураггүй алга болсон эмэгтэйчүүд:
Орхон аймагт 2026 оны есдүгээр сарын 13-нд иргэн 35 настай О гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай өргөдөл мэдээлэл ээжээс нь есдүгээр сарын 14-нд аймгийн Цагдаагийн газарт иржээ. Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд иргэн О-г эрэн хайх ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна.
Дорнод аймгийн Баяндун суманд аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон иргэн 48 настай Ш-г эрэн хайх ажиллагааг үргэлжилж байна. Түүнийг өмнө нь 10 гаруй хоног эрэн хайгаад олоогүй тул эрлийг түр зогсоогоод байсан. Харин түүнээс 10 орчим хоногийн дараа эрлийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр дахин эхлүүлсэн юм. Одоогоор хамтран амьдрагчийг нь саатуулсан талаар мэдээлэл гараад байна.
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 2026 оны аравдугаар сарын 15-нд өглөөний 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа 10 гаруй хоног үргэлжилсэн ч олоогүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр зогсоогоод байна.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт иргэн 36 настай Ц.А аравдугаар сарын 29-ний 18:47 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Иргэн Ц.А нь гэрээсээ "Хүнтэй уулзана" гэж гарахдаа гар утас, түрүүвч зэргээ үлдээж гарсан гэдгийг гэр бүлийнхэн нь хэлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
