Нетаньяхугийн өрсөлдөгчийг Израилийн ерөнхийлөгч эвслийн шинэ засгийн газар байгуулах хүнээр сонголоо

Т.Давааням, ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бямба гарагийн орой Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог аравдугаар сарын 27-нд болсон сонгуулийн дараа эвслийн засгийн газар байгуулах анхны боломжийг сөрөг хүчний нэр дэвшигч Гади Айзенкотод олгож байгаагаа зарлажээ.

Ингэснээр Бенжамин Нетаньяхугийн гол өрсөлдөгч болж сонгуульд оролцсон, армийн жанжин штабын дарга асан Айзенкот одоо Израилийн түүхэнд хамгийн урт удаан хугацаагаар ерөнхий сайдын албыг хашсан улс төрчийг эрх мэдлээс нь буулгах зорилгодоо нэг алхам ойртож байна.

Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараахан Айзенкот сошиал хуудсандаа "Одоо үндэсний онцгой байдлын засгийн газар байгуулах цаг ирлээ. Бид энэ үүрэгт тэнцэхүйц гэдгээ харуулахын тулд боломжтой бүхнийг хийх болно" хэмээн бичжээ.

Түүнд эвсэл байгуулахад зургаан долоо хоног хүртэл хугацаа байгаа ч 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн үйлдсэн халдлага болон үүнийг дагалдан Газын зурвас болон бусад бүс нутагт гурван жилийн турш үргэлжилж буй дайны улмаас гүн хуваагдаж, хүнд байдалд орсон улс оронд энэ нь маш хэцүү даалгавар юм.

Энэ долоо хоногт ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцүүлгийн үеэр Израилийн гол намуудын төлөөлөгчид шинэ засгийн газар байгуулах үүргийг Айзенкотод даалгахыг санал болгосон байна.

Гэвч аль ч нам парламентад олонх болж чадаагүй энэ үед эвсэл бүрдүүлэх нь маш ээдрээтэй асуудал бөгөөд аливаа эвсэл байгуулахын тулд нэр дэвшигчид өөрсдийн сонгогчдын дургүйцлийг төрүүлж болзошгүй хүнд буултуудыг хийх шаардлагатай болно.

Өнгөрсөн сард болсон сонгуулиар Нетаньяху болон түүний холбоотнууд парламентад олонхын байх байр сууриа алдсан. Гэхдээ Айзенкотын тэргүүлсэн эвсэл ч мөн олонх болж чадаагүй юм.

Ийм нөхцөлд түүхэндээ байгаагүй өндөр амжилт үзүүлсэн Араб иргэдийн тэргүүлдэг намууд засгийн газрын хувь заяаг шийдвэрлэх чухал байр суурьтай болсон ч тэднийг оролцуулах нь улс төрийн хувьд маш ээдрээтэй асуудал болоод байна.

Израил улсын түүхэнд Араб нам засгийн газрын эвсэлд нэг л удаа орж байсан түүхтэй. Газын зурваст гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн дайны дараа ийм эвсэл байгуулах нь Айзенкотын хувьд нийгмийг улам бүр талцуулж болзошгүй алхам юм.

Айзенкот болон Араб намуудын хооронд аливаа эвсэл үүсэхээс сэргийлэхийн тулд Нетаньяху идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд энэ зорилгоор Араб намууд сонгуулийн үр дүнг "луйвардсан" гэх мэт ямар ч нотолгоогүй мэдэгдлүүдийг хийж байгаа.

Нетаньяху болон түүний холбоотнууд Араб үндэстнүүдийн тэргүүлдэг намуудыг үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулагч мэтээр удаа дараа тодорхойлж ирсэн бол Айзенкот тэдгээр намуудтай тодорхой нөхцөлүүдийн хүрээнд, тухайлбал Хамас нь устгах шаардлагатай террорист бүлэглэл болохыг хүлээн зөвшөөрөх нөхцөлөөр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсээр иржээ.

Нөгөө талаар Айзенкот болон парламентын хамгийн том нам болох Ликудын тэргүүн Нетаньяху нар жүүдүүдийн гол намуудыг багтаасан өргөн хүрээний эвслийн засгийн газар байгуулахыг оролдож магадгүй юм. Гэвч тэдний хооронд олон асуудлаар гүнзгий санал зөрөлдөөн байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байх төлөвтэй байна.

Үүнд шашны хэт хуучинсаг үзэлт эрэгтэйчүүдийг цэргийн албанаас чөлөөлөхийг шаарддаг намуудад Нетаньяху түшиглэж буй явдал, мөн аравдугаар сарын 7-ны халдлагын үеэр гарсан аюулгүй байдлын алдаа дутагдлуудыг албан ёсоор мөрдөн шалгахыг Нетаньяху эсэргүүцэж байгаа зэрэг асуудлууд багтаж байна.

Түүнчлэн Айзенкот эвсэлд нь албан ёсоор нэгдээгүй Араб намуудын дэмжлэгт тулгуурласан "цөөнхийн" засгийн газар байгуулахыг оролдож болзошгүй. Гэвч түүний эвслийн бусад гишүүд ийм хамтын ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press