НАСА сарыг эзэмших Artemis хөтөлбөрт оролцох хүсэлтэй шинэ сансрын нисэгчдийг хайж эхэлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АНУ-ын сансар судлалын байгууллага НАСА сарыг эзэмших Artemis хөтөлбөрийг нь өргөжүүлэхэд оролцох сансрын нисэгчдийн шинэ багийг бүрдүүлэхээр сонирхогчдоос өргөдөл хүлээн авч эхэлжээ.

Бямба гарагт Кеннедийн нэрэмжит сансрын төвд болсон сар судлал болон сансрын аялал, технологийн дэвшлийг сурталчлах арга хэмжээний үеэр албаны хүмүүс үүнийг зарласан байна.

НАСА хамгийн сүүлд хоёр жилийн өмнө шинэ сансрын нисэгчдийг элсүүлж байжээ. Тухайн үед 8,000 гаруй хүн өргөдөл гаргаснаас 10 хүн шалгарч үлдсэн байна.

Одоогоор НАСА-д ердөө 32 идэвхтэй сансрын нисэгч байгаа бөгөөд хүн төрөлхтний эзэмшлийн орон зайг дэлхийн нам тойрог замаас цааш аль болох хурдан тэлэхийн тулд тус агентлагт шинэ боловсон хүчин шаардлагатай болжээ.

Бямба гарагт Artemis III багийн командлагч Рэнди Бресник хэлэхдээ "Бидэнд хийх ажил маш их, харин сансрын нисэгчид маань цөөн байна" гэсэн юм.

Сансрын нисэгч болох хүсэлтэй хүмүүс арванхоёрдугаар сарын 3-ны дотор өргөдлөө гаргах боломжтой юм байна.

2027 оны сүүлчээр НАСА сонгон шалгаруулалтаа эцэслэн дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд шинээр сонгогдсон хүмүүст 2028 оны эхээр сургалтаа эхлүүлэх гэнэ.

Бресник ирээдүйн сансрын нисэгчдэд "Тэр үед манай хүмүүс саран дээр байх болно, тиймээс бүү хойшлуулаарай" хэмээн уриалжээ.

Бресник болон түүний багийн гурван гишүүн ирэх зун дэлхийн тойрог замд хүрч, сансрын хөлгөө сарны газардагч төхөөрөмжүүдтэй залгах дадлага хийх юм. Эдгээр газардагч төхөөрөмжүүдийн нэгийг Илон Маскийн SpaceX, нөгөөг нь Жэф Безосын Blue Origin компаниуд бүтээж байгаа.

Тэдний аялал дэлхийд ойр зайд (сарыг тойрохгүйгээр) үргэлжлэх бөгөөд энэ нь хоёр сансрын нисэгчийг сарны өмнөд туйлын ойролцоо газардуулахаар төлөвлөж буй дараа жилийнх нь Artemis IV ажиллагааны бэлтгэл сургуулилалт болох юм.

Саран дээр олон тооны өөрөө явагч төхөөрөмж, робот, барилга байгууламж, эрчим хүчний төхөөрөмжүүдийг хүргэснээр сансрын нисэгчдийн байрлах бааз бий болно.

Сансрын нисэгчдийг бэлтгэх хоёр жилийн сургалт нь туйлын хүнд хэцүү байж болох бөгөөд сансарт хөөрөх хүртэл үүн дээр нэмээд дахин хэдэн жил шаардагдаж магадгүй тул тэвчээр зайлшгүй чухал болохыг Artemis III хөтөлбөрийн гишүүн Фрэнк Рубио онцолжээ. Тэрбээр сансарт тасралтгүй 371 хоног байж, АНУ-ын түүхэнд хамгийн урт хугацаагаар сансарт байсан дээд амжилтыг тогтоосон хүн юм. Нэр дэвшигчид нь АНУ-ын иргэн байхаас гадна дээд боловсролын зэрэг, мэргэжлийн ажлын туршлагатай байх шаардлагатай юм байна.

1959 онд анхны Mercury Seven баг бүрдсэнээс хойш НАСА-гийн бэлтгэж буй сансрын нисэгчдийн 25 дахь ээлж энэ болох ажээ.

 

Эх сурвалж: Associated Press