Саудын Арабын газрын тосны аварга Aramco компанийн оффис Йемений босогчдын агаарын цохилтод өртжээ
Ням гарагт Саудын Арабын нийслэл Рияд хотын санхүүгийн дүүргийн төвд байрладаг, газрын тосны аварга компани Aramco-гийн оффисын барилгын хэд хэдэн давхрын цонх хагарчээ. Тус улсын эрчим хүчний яамны мэдээлснээр энэ нь уг барилгад халдах оролдлогын үеэр үүссэн пуужингийн хэлтэрхийнүүдээс болсон гэнэ.
Яамны зүгээс Aramco компанийн цамхагт учирсан хохирол бага хэмжээтэй бөгөөд хүний амь нас хохирох, гэмтэж бэртэх тохиолдол гараагүйг мэдэгдсэн ч халдлагыг хэн үйлдсэн талаар дурдаагүй байна.
Гэхдээ хөрш Йемен дэх Ираны талыг баримтлагч Хусит босогчидтой тэмцэж буй Саудын Арабаар удирдуулсан эвслийн мэдээлснээр тус улсын агаарын довтолгооноос хамгаалах хүчин өглөө эрт Рияд хотын дээгүүр харвасан пуужингуудыг устгажээ.
Халдлагыг үйлдсэнээ Хуситууд хүлээн зөвшөөрсөн байна. АНУ болон Израилийн зүгээс Ираны эсрэг өдөөсөн дайны бас нэгэн фронтыг тэд нээж, Саудын Арабын эсрэг агаарын цохилтуудаа эрчимжүүлээд байгаа юм.
Үүний улмаас олон долоо хоногийн турш гэрээсээ цахимаар хичээллэсний эцэст Ням гарагт Саудын Арабын олон сургууль танхимын сургалтаа сэргээсэн бол, Хуситуудын өмнөх халдлагуудын улмаас түр зогсоод байсан төрийн байгууллагуудын үйл ажиллагаа ч хэвийн горимд шилжжээ.
Сүүлийн долоо хоногуудад босогчид Aramco компанийн байгууламжууд, тэр дундаа Саудын Арабын дорнод мужийн Дахран хотод байрлах тус компанийн төв оффис руу хийх халдлагаа эрчимжүүлээд байна.
Йемений олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн засгийн газрыг дэмжигч Саудын Арабын эвсэл болон Хуситуудын хоорондох мөргөлдөөн есдүгээр сард Улаан тэнгисийн Баб-эль-Мандебын хоолойд гарсан мөргөлдөөний дараа улам ширүүссэн юм.
Арабын хойгийн нөгөө талд оршдог энэ хоолой нь Ормузын хоолойтой адил далайн тээврийн стратегийн чухал зам болдог.
Үүнээс хойш Хусит босогчид Саудын Арабын боомт, нисэх буудлууд, тэр дундаа нийслэл Риядын олон улсын нисэх буудал руу пуужин болон дроноор довтолсоор байгаа. Аравдугаар сард нисэх онгоцны буудалд хийсэн халдлагын улмаас 13 хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархдаж байв.
Эдгээр халдлагуудын хариуд Саудын Араб улс Йемен дэх Хуситуудын байрлалууд руу агаараас довтолсоор байна.
Вашингтоны чухал холбоотон болох Саудын Араб нь Йемений босогчдын эсрэг хамгаалалтын болон довтолгооны аль алинд нь дэмжлэг үзүүлэхийг АНУ, Европ, Ойрх Дорнодын улс орнуудаас хүсэж байгаа.
Их Британи улс аравдугаар сард Саудын Арабын хотуудыг Хуситуудын цохилтоос хамгаалах зорилгоор сөнөөгч онгоцнуудаа илгээж, тэднээр зөвхөн хамгаалалтын үүрэг гүйцэтгүүлэхээ мэдэгдэж байв.
Саудын Араб мөн дипломат арга замыг ч ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн сард "Меккагийн батлан хамгаалах гэрээ"-нд нэгдсэн улсууд болох Саудын Араб, Турк, Пакистаны өндөр албан тушаалтнууд Техран хотод Ираны албаны хүмүүстэй уулзжээ.
Хожим нь Техраны эрх баригчдын зүгээс Саудын Арабтай хийж буй яриа хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд үүгээр гаднын цэргийн оролцоогүйгээр бүс нутгийн аюулгүй байдлыг хангах шинэ зохицуулалтыг эрэлхийлж байгаагаа мэдэгдсэн байна.
Саудын Арабын төрийн өмчит Aramco компани тус улсын газрын тос, байгалийн хийн олборлолт, экспортыг хариуцдаг аварга том байгууллага юм.
2024 оны байдлаар тус компани орлогын хэмжээгээрээ дэлхийд дөрөвдүгээрт жагсаж байжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
