Польш улсын Краков хотод зэвсэгт этгээд халдлага үйлдэж, зургаан хүний амийг хөнөөжээ
Польш улсын өмнөд хэсэгт орших Краков хотод Бямба гарагт нэгэн этгээд машин дотроос гал нээсний улмаас дор хаяж зургаан хүн амиа алдаж, 15 хүн шархадсан тухай албаныхан мэдээллээ.
Краков хотын цагдаагийн газрын мэдээлснээр халдлага орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд болсон байна. Сэжигтэн хотын төв захын талбай руу машинтай орж ирээд эмх замбараагүй гал нээсний улмаас дөрвөн эмэгтэй, хоёр эрэгтэй амиа алджээ.
Цагдаагийн мөрдөн байцаагч Катажина Цислогийн хэвлэлд мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд нь цэргийн загварын хувцас өмсөж, цэргийн зориулалттай зэвсэг ашигласан байна.
Сэжигтэн нь 25 настай Польш улсын иргэн байсан бөгөөд цагдаа нарт буудуулж шархадсаны дараа эмнэлэгт хүргэгджээ.
Түүний машинаас "олон тооны зэвсэг, сум хэрэгсэл" олдсоныг Цисло мэдэгдэлдээ дурдсан байна.
Уг этгээд ямар сэдлээр ийм халдлага үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.
Дотоод хэргийн сайд Марчин Кирвински хэвлэлийн хурлын үеэр халдлага үйлдсэн этгээд нь хэт барууны үзэл сурталд автсан, "хэт даврагч үзэл бодолтой" нэгэн байсан гэж хэлжээ.
Ослын газарт яаралтай тусламжийн албаныхан ажиллаж байгаа бөгөөд шархадсан хүмүүсийн дунд цагдаагийн алба хаагчид ч мөн байна.
Кафе, бааруудаар дүүрэн Краков хотын төв захын талбай нь жуулчид болон нутгийн иргэдийн олноор зорчдог, хөл хөдөлгөөн ихтэй газар юм.
Краков хотын тээврийн газраас мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдийн бууны сум нэг трамвайг онож, жолоочийн цонхыг хагалсан боловч хүн гэмтэж бэртээгүй байна.
Европын Холбооны бусад орнуудын нэгэн адил Польш улсад галт зэвсэг эзэмшихтэй холбоотой хатуу дүрэм журам үйлчилдэг бөгөөд цэргийн зориулалттай зэвсэг эзэмших, эсвэл олон нийтийн газар зэвсэг авч явахыг зөвшөөрдөггүй.
Польшийн ерөнхий сайд Дональд Туск цагдаагийн байгууллага уг “эмгэнэлт аллага"-ын хэргийг шалгаж байгаа бөгөөд дотоод хэргийн яамнаас цаг тухайд нь мэдээлэл өгч байгаа талаар сошиал хуудсандаа бичжээ.
Польшийн үндэсний аюулгүй байдлын товчооны дарга Краков хотыг зорьсон тухай тус улсын ерөнхийлөгч Карол Навроцки мэдэгдсэн байна. Тэрбээр хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Краков хотын дарга Лукаш Гибала тус хотод арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэл гашуудал зарласан байна.
Польш улстай хил залгаа орнууд уг халдлагад өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн мэдэгдлүүдийг гаргажээ.
Тухайлбал Чех улсын гадаад хэргийн яамнаас "хохирогчдын гэр бүл болон энэхүү харгис халдлагад өртсөн бүх хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж" байгаагаа мэдэгдсэн байна.
Словакийн гадаад хэргийн сайд Юрай Бланар уг халдлагад "гүн цочирдсон”-оо илэрхийлээд "Словак улс энэхүү хүнд хэцүү цаг үед Польшийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байна" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
