Иран эсрэг дайныг сэргээх магадлал “маш бага” болсныг Трамп мэдэгдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иран улстай дахин мөргөлдөөн үүсэх магадлал тун бага болсныг Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

Тэрбээр CNN телевизэд өгсөн ярилцлагадаа яриа хэлэлцээ үргэлжилж байгаа цагт дахин дайсагнал эхлэх нь "маш бага магадлалтай" хэмээн хэлсэн байна.

Сүүлийн долоо хоногуудад Трамп агаарын цохилтоо дахин эхлүүлэхээр сүрдүүлж байсан бөгөөд АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн долоо хоногт болсон Конгрессын завсрын сонгуулийн дараа дайсагнал дахин сэргэж болзошгүйг мэдээлж байв.

"Тийм зүйл шаардлагатай болох магадлал тун бага... Хэрэв хэрэгтэй бол би тэгэх л байсан, гэхдээ бид тэднийг үнэхээр хүчтэй цохисон шүү дээ. Би тэднийг маш хүчтэй цохисон. Та нар миний тэднийг хэр хүчтэй цохисныг төсөөлөх ч үгүй ​​биз" гэж Трамп хэлээд дайсагналыг дахин эхлүүлэх эсэх нь "тэд баталгаатай, сайн гэрээнд гарын үсэг зурах эсэхээс шалтгаална” хэмээн анхааруулжээ.

Трамп өмнө нь Ирантай хийж буй, олон нийтийн зүгээс маш их шүүмжлэлтэй тулгарсан дайн Мягмар гарагт болсон сонгуульд түүний Бүгд Найрамдах нам хүнд ялагдал хүлээхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм.

Ням гарагт CNN-д өгсөн ярилцлагадаа тэр Иранд үзүүлж буй эдийн засгийн дарамт нь тус улсын удирдагчдыг АНУ-ын тавьсан нөхцөлөөр “энхийн гэрээ хэлэлцээрийг хүлээн авахаас өөр аргагүй байдалд хүргэнэ” гэж үзэж байгаагаа дахин илэрхийлжээ.

"Тэд бол дампуурч буй улс. Саяхны мэдээллээр энэ жил инфляц нь 301 хувьд хүрсэн байна. Тэд санхүүгийн хувьд мөхөж байна. Бид тэднийг цэргийн хүчээр цохисон. Бид тэднийг бүрмөсөн дуусгаж ч чадна" хэмээн Трамп ярьсан байна.

Гэвч Ням гарагийн өглөө Ираны гадаад хэргийн дэд сайд Аббас Арагчи АНУ-д Ардчилсан Нам үнэмлэхүй ялалт байгуулсны дараа үүссэн улс төрийн нөхцөл байдлын улмаас энхийн яриа хэлэлцээ түр зогссоныг мэдэгджээ.

"Сүүлийн хэдэн өдөр зуучлагчдын идэвх суларсан бөгөөд үүний шалтгаан нь АНУ-ын сонгуулийн үр дүн бүх хүнд гэнэтийн цочрол болсон явдал юм. Бид цаашид хэрхэн үргэлжлүүлэхээ шийдэхийн тулд тэд энэ үр дүнг хүлээн зөвшөөрч, ойлгож авахад хэр хугацаа шаардагдахыг харах хэрэгтэй байна” гэж тэр хэлсэн юм.

Иран улс одоогоор Персийн булангийн эрчим хүчний экспортын урсгал дамжин өнгөрдөг стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойг хаасан хэвээр байна.

 

Эх сурвалж: AFP