VISUAL: Хүнд сурагчийн цүнх таны хүүхдийн биеийн хэлбэрт хэрхэн сөргөөр нөлөөлж байна вэ?

- 

2026 оны 11 сарын 6 М.Батчимэг, IKON.MN

Хэт хүнд сурагчийн цүнхний асуудал эцэг эхчүүдийн санааг чилээдэг асуудлуудын нэг билээ. Харамсалтай нь манай улсад сурагчийн цүнхний стандарт байдаггүй аж. Иймд МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгааны хүрээлэн уг стандартыг 2027 ондоо багтаан батлуулахаар төлөвлөж, "Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026" судалгааг хийснээ энэ оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Уг судалгаанд оролцсон сурагчдын 78% нь цүнх хүнд байна, 88% нь локер хэрэгтэй, 82% нь хичээлийн хуваарийг зохистой болгох хэрэгтэй гэж хариулсан байна.

ДЭМБ-ын стандартаар цүнхний жин хүүхдийн биеийн жингийн 10% байна гэж заасан байдаг. Гэтэл судалгаанд хамрагдсан бага ангийнхны 66.8% нь биеийн жингийнхээ 15%-иас давсан хүнд цүнхтэй байжээ.

Хэлэлцүүлгийн үеэр МУБИС,БТС-ийн Бие бялдрын боловсрол хөдөлгөөн заслын тэнхимийн ахлах багш В.Лхамсүрэнгийн олон улсын судалгаанууд дээр үндэслэн тайлбарласан "Сурагчийн цүнх ба эрүүл мэнд" илтгэлийг визуал дүрслэл болгон хүргэж байна.

ДООШ ГҮЙЛГЭЖ, хүнд цүнх хүүхдийн биеийн байрлалыг хэрхэн өөрчилж, ямар эрхтнүүдэд ачаалал өгч, улмаар өсөлт хөгжилд нь хэрхэн сөргөөр нөлөөлж болохыг нэг нэгээр нь гүйлгэж үзнэ үү.

↓ Гүйлгэх

Хажуугийн муруйлт

Цүнхээ байнга нэг мөрөн дээрээ үүрвэл хүүхэд жинг унагахгүйн тулд эсрэг талын мөрөө өргөж, биеэ хажуу тийш хазайлгадаг. Улмаар нэг талын булчин байнга чангарч, нөгөө талынх суларснаар нуруу бага багаар хажуу тийшээ муруйж эхэлдэг байна.

Үр дагаварт нь мөр болон аарцгийн түвшин зөрж, нэг талын дал илүү товойж гарч ирдэг аж.

Бөгтөр болох

Цүнх хүүхдийн дааж чадахаас хүнд байвал хүндийн төв хойшоо шилждэг. Улмаар хойш савж унахгүйн тулд хүүхэд өөрийн эрхгүй биеэ урагш нь бөхийлгөж, толгойгоо унжуулж алхдаг байна.

Энэ байрлал нь цээжний болон хүзүүний хавирга, нугалмуудад ирэх ачааллыг хэд дахин нэмэгдүүлж үр дагаварт нь нурууны дээд хэсэг хойшоо овойж, цээжний хэсгээр бөгтөр болдог байна.

Мөн урагш түрж алхсанаар бүсэлхий нурууны урагш чиглэсэн хотгор гүнзгийрч, нурууны доод хэсгээр хүчтэй өвдөлт үүсдэг.

Нурууны диск болон үе хоорондын шахалт

Хүнд ачаа нь нурууны үе хоорондын зөөлөн эд болон дискийг дээрээс нь хүчтэй шахаж байдаг байна.

Энэхүү тогтмол даралт нь нурууны ясны босоо шугамын дагуух өсөлтийг сааруулж, үе хоорондын мэдрэлийн судсыг хавчсанаар хөл, нуруу руу өвдөлт өгөх эх үүсвэр болдог аж.

Шүд, эрүүний зуулт өөрчлөгдөх

Хүнд цүнхийг унагахгүйн тулд хүүхэд хүзүүгээ урагш сунгаж, толгойгоо унжуулдаг. Энэ нь утсыг буруу байрлалтай удаан хэрэглэснээс үүсдэг "Text neck" хам шинжтэй төстэй.

Хүзүүний булчингийн энэхүү буруу чангаралт нь эрүүний үе болон зажлах булчингуудад дамжлага даралт өгдөг байна. Үүнээс болж хүүхэд өөрийн мэдэлгүй шүдээ зуух, шөнө шүдээ хавирах дадалтай болох бөгөөд энэ нь шүдний зуулт өөрчлөгдөх, эрүүний үе өвдөх шалтгаан болдог аж.

Түүнчлэн хүүхэд хойш унахгүйн тулд толгойгоо урагшлуулж, тасралтгүй чангалах нь дагз руу хөших, толгой өвдөх гол шалтгаан болдог байна.

Амьсгалын тогтолцоо

Хүүхэд хүнд цүнхний жинд дарагдан бөгтийж алхах үед цээжний хөндий нарийсдаг. Үүнээс болж уушги бүрэн тэлж чөлөөтэй амьсгалж чадахгүйд хүрдэг байна.

Хүчилтөрөгчийн дутагдалд орсноор хүүхэд амархан ядарч, анхаарал төвлөрөлт муудах бөгөөд урт хугацаандаа архаг ханиалга, багтраа өвчин үүсэх суурь болдог аж.

Зүрх судасны тогтолцоо

Цүнхний нарийн оосор мөрийг дарахад тухайн хэсгийн гол судас, мэдрэлийн ширхэгүүд хавчигддаг байна.

Энэ нь тархины цусан хангамжийг боогдуулж, толгой өвдөх, эргэх улмаар хүүхдийн цусны даралт ихсэх эрсдэлийг дагуулдаг байна. Биеийн хүч их зарцуулагдсанаар зүрхэнд ирэх ачаалал ч нэмэгддэг аж.

Мэдрэлийн тогтолцоо

Хүнд цүнх мөрний мэдрэлийн сувгуудыг удаан хугацаанд дарснаар гар, хуруу руу цахилгаан дохиолол очих хурд саатдаг.

Үүнээс болж хүүхдийн гар мэдээгүйжих, чимчгэнэх хурууны хөдөлгөөний уян хатан чанар буурах зэрэг мэдрэлийн гаралтай эмгэг үүсэх аюултай.

Хоол боловсруулах тогтолцоо

Цүнхний жингээс болж хэвлийн булчин байнга чангарч, шахагдсан байрлалд шилждэг. Энэхүү даралт нь ходоод, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг саатуулж, хоол боловсруулах үйл ажиллагааг алдагдуулдаг.

Үүний улмаас хүүхдийн дотор эвгүйрхэх, хоолны шингэц муудах, өтгөн хатах зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Тэнцвэр алдагдах ба гэмтэл бэртлийн эрсдэл

Хүнд цүнх нь хүүхдийн биеийн хүндийн төвийг өөрчилдөг. Биеийн жингийн 15%-иас давсан ачаа үүрсэн хүүхэд гэнэт эргэх, гүйх эсвэл шатаар өгсөж уруудах үедээ тэнцвэрээ алдах эрсдэл эрс нэмэгддэг.

Үүнээс болж халтирч унах, шагайгаа мултлах, гараа хугалах зэрэг механик бэртэл авах магадлал өндөр байдаг байна. Ялангуяа өвлийн халтиргаатай үед энэ эрсдэл дээд цэгтээ хүрдэг.

Өсөлтийн бүсийн даралт

Хүүхдийн урт яснуудын төгсгөлд ясны өсөлтийг хариуцдаг мөгөөрсөн "өсөлтийн хавтан" байдаг. Бага, дунд ангийн хүүхдийн өсөлтийн идэвхтэй үед нуруу, түнхний үеүдэд тогтмол ирэх хэт хүнд босоо ачаалал нь эдгээр өсөлтийн бүсүүдийг механикаар даран шахдаг байна.

Ингэснээр мөгөөрсний эсийн хуваагдал саатаж, ясны хэвийн уртаашаа өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж.

Бага ангийн сурагчдын цүнх яагаад илүү хүнд байдаг вэ?

Бага ангийн сурагчдын цүнхний жин стандартаас хэтэрсэн байгаа нь эцэг эхчүүд хүүхдэдээ гоё хэлбэр дүрстэй үзэг, бал, усны сав болон үлгэрийн баатруудтай гоёл ихтэй цүнх авч өгдөг нь нөлөөлж байна гэдгийг Боловсролын судалгааны хүрээлэн онцолсон юм.

Тухайлбал хэт их гоёлтой цүнх дангаараа 2 кг хүрэх ч тохиолдол байдаг байна.

Түүчлэн тус судалгаагаар сурагчийн цүнхний ачааллын бүтцийг тооцож үзэхэд сурах бичиг 40-60 хувийг эзэлж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Олон улсын жишигт жилийн агуулгыг нэг боть номоор хэвлэх тохиолдолд сурагч үргэлж сургуульдаа локертой байдаг. Харин монголд анги танхимд локер байгаа хэдий ч өөр ангитай хувааж ашигладаг тул хүүхдийн цүнхний жинг хөнгөрүүлэх шийдэл болж чадахгүй байгаа ба сурагчийн цүнх нь боловсролын байгууллага, эцэг эх, багш нарын хамтын оролцоо шаардсан эрүүл мэндийг дэмжих асуудал юм гэдгийг хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд онцолсон юм.