"Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа вагоны овоорлын дийлэнх хэсгийг дизелийн түлш эзэлж байна"
Шатахууны шуурхай штабаас дараах мэдээллийг өглөө.
Аравдугаар сарын захиалгын тухайд Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс нийлүүлэх 57,000 тонн шатахуун гүйцэж байна. Одоо 400 тонн шатахуун оруулж ирэх дутуу байгааг Аж Үйлдвэр Эрдэс Баялгийн дэд сайд Б.Мөнхтамир хэлэв
Тэрбээр үргэлжлүүлэн "ОХУ-д дотоодын нөхцөл байдал нь хүндэрсэн дайн байлдаантай энэ цаг хугацаанд шатахуун таслахгүй байгаад талархаж байгаа. Гэвч Монгол Улсын нийт хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна.
Монгол Улсын шатахууны сарын хэрэглээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрчимтэй өссөн. Жилдээ 1.7 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол өнөөдрийн байдлаар 3.1 сая тонн нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон байна.
Өнөөдрийн байдлаар ОХУ-ын нутаг дэвсгэрт 218 вагон манай улс руу Улаанбаатар хотыг чиглээд явж байна. Энэ нь зургаан хоногийн хэрэглээ болно.
Мөн Улаанбаатар төмөр замд олон вагон овоорсон бөгөөд ААН-үүд вагоны дарааллыг зохиомлоор үүсгэж байна гэх асуудал яригдаад байна. Ийм асуудал байхгүй.
Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа вагоны овоорлын дийлэнх хэсгийг нь дизелийн түлш эзэлж байна.
Энгийн АИ-92, АИ-95 бензиний тухайд Сүхбаатар өртөөгөөр дамжаад Толгойт, Рашаант өртөөдөд буусан даруйдаа ачилтуудаа хийж байгаа" хэмээв.
"Хардлага байхыг үгүйсгэхгүй ч энгийн АИ-92 автобензинийг Евро ангиллын бензин гэж зарах боломжгүй"
Түүнчлэн "Энгийн АИ-92 бензинийг Евро-5 АИ-92 бензин гэж зараад байна гэх маргаан гарч байна. Үүнд тайлбар хэлэхэд ингэх ямар нэгэн боломжгүй.
Евро АИ-92 автобензин зардаг хошуу болон энгийн АИ-92-ыг зардаг хошуу тусдаа саванд байдаг. Эдгээр савыг хооронд нь холих боломжгүй. Холих юм бол хүхрийн хэмжээ зөрнө.
Ашигт малтмал, газрын тосны газраас долоо хоногийн хоёр өдөр түүвэрчилсэн аргаар бүх Шатахуун Түгээх Станцаас дээжийн шинжилгээ авч байгаа.
Шинжилгээний мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газрын веб сайт болон цахим хуудсаар дамжуулан мэдээлдэг. Хэрвээ шатахуун хольсон, хүхрийн хэмжээг бууруулсан асуудал гарвал тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах боломжтой.
Хардлага байхыг үгүйсгэхгүй. Гэвч энгийн АИ-92 автобензинийг евро ангиллын бензин гэж зарах ямар нэгэн боломж байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье. Хяналт шалгалтаар зөрчил илрээгүй" гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
