Японы ЗГ-ын буцалтгүй тусламжаар Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрыг засна

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар энэ сарын 4-ний өдөр “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрны засварын төсөл”-д 159,167 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг төсөл нь Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ.

Энэхүү төслийн хүрээнд Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрны дээвэр, гадна хана, хаалга, цонх, шал болон дотоод засварын ажил хийгдэнэ. Төсөл хэрэгжсэнээр Хутаг-Өндөр сум болон ойр орчмын бүс нутгийн 15 мянга орчим иргэн дулаан, аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд хэвтэн эмчлүүлэх ба тус эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажлын орчин нөхцөл сайжирч, бүс нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг улам сайжруулахад хувь нэмэр оруулна гэж талууд найдаж байна.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос хойш 36 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй 635 дахь, Булган аймагт хэрэгжих 20 дахь төсөл болно.