"12 дугаар сарын 1-нээс гэр хорооллын айлуудад нэг удаа 14 шуудай хагас коксон түлш олгох хувилбарыг судалж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэр хорооллын айл өрхүүдэд 7 хоногт 7 шуудай хагас коксон түлш худалдан борлуулдаг байна. Энэ хэмжээг нэмэгдүүлэхээр судалж байгаа аж.

Энэ тухай "Тавантолгой түлш" компанийн хэвлэлийн хэлтсээс тодруулахад "Иргэдийн зүгээс 7 хоногоор бус 14 хоногийн түлшээ авдаг болчихвол хүндрэл багатай болно гэсэн санал, хүсэлт их гаргаж байгаа. 

Түлшний нөөц, программын шинэчлэл зэргээс шалтгаалан 12 дугаар сарын 1-нээс гэр хорооллын айл өрхөд 14 хоногт нэг удаа 14 шуудай хагас коксон түлш олгох хувилбарыг судалж байна. Эцсийн шийдвэр гараагүй.

Өнөөдрийн байдлаар Хятадаас 54,227 тонн хагас коксон түлшийг "Тавантолгой түлш" компанийн зүүн үйлдвэрт татан аваад байна. 49,000 орчим тонн түлшний нөөц бий. Борлуулалтын 446 цэгээр өдөрт нийт 2,000 орчим тонн хагас коксон түлш зарагдаж байна. 

Хагас коксон түлшийг Зүүн үйлдвэрээс борлуулалтын цэгүүд рүү 38 ААН, байгууллагын 240 орчим тээврийн хэрэгслээр түгээдэг.

Харин асаагчийн хувьд дотоодын ААН-ийн цаасаар хийсэн асаагчийг туршиж байгаа. Асаагчийг хэрэглээнд нэвтрүүлбэл мод хэрэглэхгүйгээр хагас коксон түлшээ шууд асаана.

Агаарын Бохирдлыг Бууруулах Үндэсний Хорооноос хоёр жилийн өмнө асаагчийг нэвтрүүлэх тогтоолыг гаргасан байдаг. Энэ дагуу асаагч бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын ААН-үүдтэй уулзалт зохион байгуулах үеэр компаниуд бүтээгдэхүүнээ танилцуулсан. Эдгээр бүтээгдэхүүнүүдээс хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөөгүй, цаас дахин боловсруулж хийсэн асаагчийг туршиж байгаа юм. Гэхдээ уг бүтээгдэхүүнийг тухайн компани хэрэглээнд нэвтрүүлэх эсэхээ шийднэ.

Нэг шуудай мод дунджаар 8,000 гаруй төгрөгийн үнэтэй. Асаагчийг энэ үнээс багаар худалдан борлуулах шаардлагыг компаниудад тавьж байгаа" гэв.

Айл өрхүүдийн энэ өвлийн хэрэгцээнд 307,000 мянган тонн хагас коксон түлшийг БНХАУ-ын Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас нийслэлийн төсвийн ₮288.7 тэрбумаар худалдаж авч байгаа билээ.