"Хагас коксон түлшийг өнгөрсөн өвөл нийлүүлсэн Хятадын компаниас авч байгаа"
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд зориулж хагас коксон түлшийг ₮288.7 тэрбумаар (288,780,676,800 төгрөг) худалдаж авах тендерийг "Тавантолгой түлш" ХХК энэ оны зургаадугаар сард зарласан. Уг тендерийг наймдугаар сард нээж, хагас коксон түлшний татан авалтаа өчигдөр эхлүүлээд буй.
2026-2027 оны халаалтын улиралд нийт 280 мянган тонн хагас коксон түлш татан авах бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн цуваа 200 вагон бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр орж иржээ.
Эхний 50 вагон хагас коксон түлшийг өчигдөр (2026.10.12) "Тавантолгой Түлш" ХХК-ийн Зүүн үйлдвэрт хүлээн авч, савлагааны ажил эхэлсэн бол дараагийн 50 вагон Баян өртөөнд, гурав, дөрөвдүгээр цуваа Замын-Үүдэд ирсэн байна.
Хагас коксон түлшийг ямар компаниас авч байгааг "Тавантолгой Түлш" компаниас тодруулснаар өмнөх өвлийн улиралд түлш нийлүүлсэн буюу БНХАУ-ын “Шаньси нүүрс-химийн групп”-ийн Шэньмү эрчим хүчний хөгжил ХХК-ийн Вужоу салбар” компаниас худалдаж авч байгаа аж.
25 килограммын шуудай хагас коксон түлшийг 5,000 төгрөгөөр иргэдэд худалдан борлуулна.
Өнгөрсөн өвөл Улаанбаатар хотын гэр хорооллын 175 мянга орчим айл өрхөд зориулж 306 мянган тонн хагас коксон түлшийг ₮226 тэрбумаар буюу нэг тонн түлшийг 738 орчим мянган төгрөгөөр тус компаниас авсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
