Хятадаас 280 мянган тонн хагас кокс, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдаж авна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус 13 дугаар хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд үргэлжилж байна.
Уг хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр хотын дарга төсвийн тодотголыг танилцуулав.
Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва: Олон улсын геополитикийн нөхцөл байдлын нөлөөгөөр нефть, шатахууны үнэ өсөж, нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг нийслэлийн суурь үйлчилгээний зардалд нөлөөлж байна.
- Иймд үйлчилгээг хэвийн, тогтвортой үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх,
- 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд галлагааны улиралд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш (мидлинг) худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэхэд шаардлагатай нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэх,
- Төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг бодит хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөн тул төсвийн орлого санхүүжилтийн тооцооллыг бодит нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэх,
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөс хасаж, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг шаардлага бий болсон.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 443.2 тэрбум төгрөгөөр бууруулж, ажлын гүйцэтгэлтэй уялдуулж хөрөнгийн төсөл арга хэмжээний зардлыг 25.3 тэрбум төгрөг, урсгал зардлыг 404 тэрбум төгрөгөөр, орон нутгийн сангийн зардлыг 52.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүллээ.
Энэ жил дахиад импортоор хөх нүүрс буюу кокс нүүрс авах гэж байгаад маш их харамсалтай байгаа. Хоёрдугаар сард үндэсний үйлдвэрлэгчдээс хөх нүүрс худалдан авах сонгон шалгаруулалт зарлахад нэг ч компани орж ирээгүй. Энэ нь Монгол Улсад нүүрс пиролизын үйлдвэр байхгүй, технологи орж ирээгүй гэсэн үг. Тиймээс энэ жил дахиад импортоор өвлийг давах гээд байж байна.
Засгийн газар, НИТХ-ын хамгийн том зорилго бол эх орныхоо хүрэн нүүрснээс шахмал түлш гаргаж авах юм. Ялангуяа Багануурын уурхайд түшиглээд. Ажлаа авангуутаа ажлын хэсэг байгуулсан. Бид долоо хоног бүрийн Баасан гарагийн өглөөний 08:00 цагаас зөвхөн пиролизын үйлдвэрээр хуралдаж ажлаа явуулж байна. Бидэнд одоо 2027 оны наймдугаар сар гэдэг цаг бий. 340 тонн нүүрсийг урагшаа шинжилгээнд явуулаад сайн гарсан. Хятад улсын лабораторид оруулсан нүүрсээ дахиж Улаанбаатарт авч ирээд Аж үйлдвэрийн яамны эрдмийн зөвлөлөөр оруулах гэж байна.
Засгийн газар дээр шийдвэр гаргуулна. Тал талдаа энэ асуудал руу баг болж орсон. Ирэх жил импортын нүүрс авмааргүй байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
