Нийслэл ₮288.7 тэрбумаар хагас коксон түлш худалдаж авахаар тендер зарлажээ

Д.Янжиндулам, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн төсвийг 400 гаруй тэрбум төгрөгөөр тодотгож, 280 мянган тонн хагас коксон түлшийг гаднын улсаас худалдаж авч, гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэхээр болсныг хотын удирдлагууд мэдэгдээд буй.

Ирэх өвлийн хэрэгцээнд зориулж хагас коксон түлшийг ₮288.7 тэрбумаар (288,780,676,800 төгрөг) худалдаж авах тендерийг "Тавантолгой түлш" ХХК 2026 оны зургаадугаар сарын 26-нд зарлажээ. Ингэхдээ санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр гэсэн байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө нь татвар төлөгчдийн мөнгө билээ.

Өнгөрсөн өвлийн улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын 175 мянга орчим айл өрхөд БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос 306 мянган тонн хагас коксон түлшийг ₮226 тэрбумаар буюу нэг тонн түлшийг 738 орчим мянган төгрөгөөр худалдаж авч, 25 килограммын шуудайтайг 5,000 төгрөгөөр иргэдэд борлуулсан билээ. Үүн дээр энэ оны дөрөвдүгээр сард Хятадаас ₮45 орчим тэрбумаар 61,000 тонн хагас коксон түлшийг нэмж авч 28,000 тонн хагас коксон түлшний нөөц үлджээ.

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэсэн хагас коксон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, 2026-2027 оны өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.