Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ
Нийслэлийн гэр хорооллын иргэд өнгөрсөн өвөл Хятад улсаас худалдаж авсан хагас коксон түлшийг хэрэглэв. Энэхүү түлшний үр дүнг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцжээ.
Энэ үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Өнөрбат: Агаар бохирдуулагч бодисууд өнгөрсөн оны мөн үеэс 54 хүртэл хувиар буурсан.
PM2.5 тоосонцор нь 9 мкг/м3 буюу 17 хувиар, азотын давхар исэл (NO2) нь 2 мкг/м3-ээр буюу 4 хувиар, PM10 тоосонцор нь 23 мкг/м3-ээр буюу 21 хувиар, хүхэрлэг хий (SO2) нь 36 мкг/м3-ээр буюу 54 хувиар бага гарсан.
Эрдэмтдийн зөвлөлийн дарга, академич Х.Энхжаргал "Бидний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан гэж үзэж байгаа. Энэ бол ажлын үр дүн" гэв.
Харин дараа нь буюу энэ оны дөрөвдүгээр сард Хятадаас ₮45 орчим тэрбумаар 61,000 тонн хагас коксон түлшийг нэмж авчээ.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд:
- Шинжлэх ухааны профессор, Академич Х.Энхжаргал
- ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичиг, профессор Ж.Цэен-Ойдов
- МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва
- Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, профессор Л.Жаргалсайхан
- МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн багш, профессор Б.Батжаргал
- МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн, Ногоон Эрчим хүч инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Баясгалан
- МУИС-ийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Э.Пүрэвдалай
- Физикийн ухааны доктор, Монголын ус, цаг уурын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга Ж.Батбаяр
- ШУТИС-ийн Барилгын эрчим хүч хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр
- “Эрчим Инженеринг” ХХК-ийн захирал М.Батболд
- “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн бүрэлдэхүүн хэсгийн менежер С.Түвшинхүү нар багтдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

