Хятадаас 61,000 тонн хагас коксон түлш нэмж, авчээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өвлийн улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын 175 мянга орчим айл өрхөд БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос 306 мянган тонн хагас кокс түлшийг ₮226 тэрбумаар буюу нэг тонн түлшийг 738 орчим мянган төгрөгөөр худалдаж авч, хэрэглүүлсэн. Шинэ гэж буй энэхүү түлш нь хэрэглээндээ хүрсэн эсэх болон ирэх өвөлд нөөц үлдсэн үгүйг Тавантолгой түлш компаниас тодруулсан юм.

Тус компанийн хэвлэлийн хэлтсээс "Үндсэн гэрээний хүрээнд 306 мянган тонн хагас кокс түлшийг бүгдийг Хятад улсаас татаж авсан. Харин нэмж 61,000 тонн хагас коксон түлшийг авч байна, нийлүүлэлт ирэх долоо хоногт дуусна. Галлагааны улирал дуустал буюу тавдугаар сарын 15-н хүртэл 306 мянган тонн хагас кокс түлш нь хэрэглээндээ хүрэхгүй учраас нэмж авч байна. 

Гэр хорооллын нэг өрхөд долоо хоногт долоон шуудай хагас коксон түлш борлуулдаг ч 150 м.кв-аас дээш талбайтай байшин сууцтай өрхүүдэд 10 шуудай түлшийг өгдөг болсноор хэрэглээ нь нэмэгдсэн.

Тавдугаар сарын 15-н хүртэл хагас коксон түлшийг 426 цэгээрээ худалдан борлуулна.

Өнөөдрийн байдлаар аюулгүйн нөөцөд 22,000 тонн хагас коксон түлш байгаа.

Харин шигшиж ангилсан миддлингийн шахмал түлшний нөөц агуулахад байхгүй, үйлдвэрийн бус буюу түүхий миддлингийн нөөц 32,000 тонн бий. Түүхий миддлингийг ААН, байгууллагууд худалдаж авч байгаа юм. Энэ өвөл 606 ААН гэрээ байгуулж, 12,1041 тонн түүхий миддлингийг хэрэглэсэн байна.

Ирэх өвөл хагас коксон түлшийг дотоодын ААН-үүдээс худалдаж авах чиглэлийг Засгийн газраас өгсөн байгаа" гэлээ.

Гадаа дулаарсан энэ үед өдөрт 1,200 орчим тонн түлш зарагдаж байгаа бөгөөд иргэдийн зүгээс хагас коксон түлш нь 3-4 цаг дулааны хадгалж, галлагааны тоо цөөрсөн болохыг хэлдэг байна. 

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт коксон түлш хамгийн их борлуулалттай байдаг бол Баянгол, Хан-Уул дүүрэгт бага. Түлш борлуулах цэгийн 420 ажилтан сарын 3.5 сая төгрөгийн цалинтай байна.

Тодруулгын дагуу тооцоолж үзэхэд Хятадаас 45 орчим тэрбум төгрөгөөр 61,000 тонн хагас коксон түлшийг нэмж авч байгаа ажээ.