Уншиж байна ...

Х.Нямбаатар: Хагас коксон түлшний үйлдвэрийг Дорноговь аймгийн нутагт эсвэл Багануурт барих хоёр хувилбар байна

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг энэ халаалтын улиралд хэрэглэж буй.

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар Ерөнхий сайд Г.Занданшатар, Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Дорноговь аймагт ажиллаж байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хот гэлтгүй 21 аймаг 330 сумыг зэрэг цахилгаан, дулааны станцад холбоход цаг хугацаа болоод санхүүгийн боломж байхгүй учраас хагас коксон шахмал түлшний үйлдвэр Монгол Улсад нэн тэргүүний хэрэгцээтэй байна. Хагас коксон шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 30 гаруй хувиар буурсан. Энэ сард ЖАЙКА олон улсын байгууллагын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын агаарын бохирдлын нарийвчилсан дүн шинжилгээг хийнэ.

Хагас коксон шахмал түлшний үйлдвэрийн тухайд бидэнд хоёр хувилбар байна.

Нэгдүгээрт бид Тендерийн тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэл, технологийн парктай аравдугаар сарын 1-нээс үйлдвэрлэл эхэлсэн байна гэсэн хатуу нөхцөлтэйгөөр урьдчилсан худалдан авах гэрээ байгуулах боломжтой. Энэ хүрээнд “Алтан ширээт” үйлдвэрлэл, технологийн парктай танилцаж байна.

Хоёрдугаарт “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран Багануурын нүүрсний уурхайг түшиглэн батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу санхүүгийн зах зээл дээрээс мөнгөө босгон үйлдвэр барих боломж байна. Хотын нүүрсний хэрэглээ жилээс жилд буурах учир нүүрс пиролизийн үйлдвэрт хөрөнгө оруулахаас илүүтэй бүтээн байгуулалт нь эхэлсэн ийм үйлдвэр технологийн парктай гэрээлбэл цаг хугацаа хэмнэнэ гэж тооцоолсон.

Хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэвэл импортоор авахаас нэг дахин хямдхан тусна.

2026 оны улсын төсвийг батлагдахад нийслэл хот 275 тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг олгосон. Бондын мөнгөний 70% нь ТЭЦ-5-д Улаанбаатар хотын хүлээх үүргийн мөнгө. Ирэх жил тодорхой мөнгө шилжүүлснээр үүрэхгүй хүлээхгүй болж, төр, хувийн хэвшлийн түншлэгч 2028 оны зун ашиглалтад оруулах нөхцөлтэй. Үлдсэн хувийг Багануурын уурхайг түшиглэсэн Багануурын үйлдвэр технологийн парк дээр суурилсан ТЭЗҮ-гээр хагас коксын үйлдвэр барих хувилбар яригдаж байгаа” гэв. 

“Алтан ширээт” үйлдвэрлэл, технологийн парк жилд 600,000 тонн хагас кокс үйлдвэрлэх бөгөөд илчлэг нь 4,000-5,000 байх аж.

Ирэх онд нийслэлд 300,000-350,000 тонн хагас кокс түлшийг хэрэглэх тооцоолол гарчээ.

Энэ өвөл БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос Улаанбаатар хот 306 мянган тонн хагас кокс түлшийг ₮226 тэрбумаар худалдаж авч байгаа билээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс