Д.Мөнхбаатар: Энэ өвөл гэр хорооллын айл өрхүүд хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 30-35 хувиар буурсан
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл шинэ гэгдэж буй хагас коксон түлшийг хэрэглэж буй. Уг түлшийг хэрэглэснээр ямар үр дүнд хүрснийг тайлагнав.
Энэ тухай Нийслэлийн Агаар, Орчны Бохирдолтой Тэмцэх Газрын дарга Д.Мөнхбаатар "2025-2026 онд шилжих галлагааны улиралд 172,000 өрх хагас коксон түлш хэрэглэж, зарим өрх хийн түлшний шилжилтийг эхлүүлсэн. Үүний үр дүнд 2025 оны арванхоёр, энэ оны нэг, хоёрдугаар сард агаарын бохирдол 30-35 хувиар буурсан байна.
Энэ онд 5,000 айлыг хийн түлшинд шилжүүлж байгаа бол 2026 оны тавдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн заасан тодорхой хороодын гэр, байшингаа өөрсдөө дулаалсан айл өрхүүдэд хийн зуухыг нэг удаа үнэ төлбөргүйгээр суурилуулж, жилийн туршид хийн түлшний хэрэглээний үнэд 900,000 төгрөгийн урамшуулал олгох юм.
2026 оны есдүгээр сарын 15-ныг хүртэл нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа 2,306 нам даралтын зуух, 172 уурын болон усан халаалтын зуух, сургууль, цэцэрлэгийн уурын зуухнуудыг хийн түлшинд шилжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр 2026-2027 онд агаарын бохирдлыг дахин 30 гаруй хувиар бууруулах боломжтой" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
