Халаалтын улирал буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүдийг түлшийг солихоор болоод буй.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдээлснээр хагас кокс түлшийг Хятад улсаас худалдаж авч хэрэглэнэ гэсэн юм.
Харин уг түлшний үнийг тогтоогоогүй гэж байсан ч өнөөдөр болсон өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдааны үеэр хагас кокс түлшний үнийг зарлалаа.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин "2025-2026 онд шилжих өвөл 306,000 тонн хагас кокс түлш худалдаж авахаар гэрээ байгуулж байна.
Есдүгээр сард 51,000, аравдугаар сард 60,000, арваннэгдүгээр сард 60,000, арванхоёрдугаар сард 51,000 тонн гэсэн шаттайгаар 306,000 тонн хагас кокс түлшийг импортолж, "Тавантолгой түлш" компанийн 40,000 тонн түлшний хамт сонголт өгч, айл өрхүүдэд борлуулна.
25 килограммын нэг шуудай хагас кокс түлшийг 5,000 төгрөгөөр иргэдэд нийлүүлэхээр төлөвлөсөн.
Хагас кокс болон хийн халаагуурт шилжсэнээр гэр хорооллын утаа 45-50%-аар буурна" гэж танилцууллаа.
"Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэдэг миддлингээр барьцалдуулсан нэг шуудай шахмал түлшний үнэ 3,750 төгрөг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!