Хүхрийг багасгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий асаагчтай, хагас кокс түлшийг DAP Эрээн нөхцөлөөр нэг тонныг 735,000 төгрөгөөр авахаар болоод буй. Харин Эрдэмтдийн зөвлөлөөс хагас кокс түлшийг түлж болно гэдэг шийдвэр гаргаагүй гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл сайжруулсан шахмал түлшээ түлэх үү, хагас кокс түлш түлэх үү гэдгийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатараас тодрууллаа.
-Энэ өвөл нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүд ямар түлш хэрэглэх вэ?
-Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл "Тавантолгой түлш" компанийн нөөцөд үлдсэн миддлингээр үйлдвэрлэсэн 40,000 орчим тонн сайжруулсан шахмал түлш болон БНХАУ-аас худалдаж авсан хагас кокс түлшийг хэрэглэнэ. Эдгээр түлшийг халаалтын улирал эхлэх үеэр буюу 2025 оны есдүгээр сарын 15-наас худалдаалж эхэлнэ. Энэ хугацаанаас өмнө хагас кокс түлшийг импортоор авна. Хагас кокс түлшийг одоогоор татаж аваагүй байна.
Хагас кокс нь өөрөө шахмал түлш. Коксожсон нүүрсийг Хятадад экспортлоод буцааж худалдаж авч байна гэх буруу ойлголт бий. Ойлгомжтой байдлаар илэрхийлбэл шахмал түлшний миддлингийг хагас коксоор сольж байгаа гэсэн үг.
Хагас коксыг 700-800 хэмийн халуунд жигнэж боловсруулан хүхэр, дэгдэмхийг багасгадаг. Ийнхүү хэлбэрт оруулсан бэлэн түлшийг Хятад улсаас худалдаж авч, "Тавантолгой түлш" компанийн Зүүн үйлдвэрт савлаж, айл өрхүүдэд борлуулах юм. Уг түлшийг боловсруулах үйлдвэр нь манай улсад байхгүй.
-"Тавантолгой түлш" компанийн баруун, төвийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байгаа юу?
-Сайжруулсан шахмал түлшний баруун үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоогоод нэг жил гаруй, Төвийн үйлдвэр зогсоод хагас жил болж байна. Зүүн үйлдвэрт үлдэгдэл миддлингээр 40,000 орчим тонн шахмал түлшийг үйлдвэрлэж байгаа юм. Баруун болон төвийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, 2,000 ажилтныг цомхотгож хэмнэсэн хөрөнгөөр хагас кокс түлшийг худалдаж авна. Улс, нийслэлийн төсвөөс нэмэлт мөнгөөр хагас кокс түлш импортлохгүй.
- Цаашид хагас кокс түлшийг БНХАУ-аас авсаар байх уу, асалт нь хэр бол?
-Эрдэнэс Тавантолгой ХХК Багануурт хагас кокс түлшний үйлдвэрийг барина. Хагас кокс түлшний шаталтыг туршиж үзсэн. Хүчилтөрөгчөөр баяжуулсан барьцалдуулагчтай учир хурдан асна. Харин илчлэг нь миддлингээр хийсэн шахмал түлшнийхтэй адил байх техникийн тодорхойлолтыг БНХАУ-д өгсөн. Түлшний илчлэг нэмэгдэх тусам зуух хагарч, цуурч угаартах эрсдэл үүсгэдэг.
-Нийслэлийн хэмжээнд хэчнээн айл өрх хагас кокс түлш хэрэглэх вэ, зуухаа солих шаардлагатай юу?
-Гал түлэхэд дотор нь шатах зүйл тодорхой, зуух нь бүтэн байх ёстой. Ингэж байж хүнийг угаартуулахгүй, амь нас, эрүүл мэндийг нь хамгаална. Айл өрхүүдээр яваад үзэхэд зуух нь цоорсон айл их байдаг тул зуухыг солих ёстойг хэлдэг. Иргэд өөрсдөө зуух, пийшингийн бүрэн бүтэн байдлаа хангаж, угаартахаас сэргийлэхийг зөвлөж байгаа юм.
Энэ оны нэгдүгээр сард нийслэл, дүүргийн 9,000 ажилтан, албан хаагч нар гэр хорооллын айл өрхүүдээр явж зуух, пийшинг тоолж, битүүмжийг шалгахад 70% нь эвдрэл гэмтэлтэй байсан. Энэ үеэр нийт 172,000 өрх бүртгэгдсэнээс 11,000 нь цахилгаан халаагууртай. Тэгэхээр өнгөрсөн галлагааны улиралд 162,000 өрх шахмал түлш түлж байсан гэсэн үг. Энэ жил хэчнээн өрх нэмэгдэж, хагас кокс түлш хэрэглэх тоо гараагүй байна.
-Нэг шуудай хагас кокс түлш ямар үнэтэй байх вэ?
-Одоогоор хагас кокс түлшний үнийг тогтоогоогүй байна. Хагас кокс түлшийг импортоор авсны дараа үнийг тогтоож, хотын дарга албан ёсоор нийтэд мэдээлэх байх.
-Хагас кокс түлшийг хэрэглэснээр Улаанбаатарын утаа багасах уу?
- Багануурын нүүрсний дэгдэмхий 44%, 2019 онд миддлингээр хийсэн шахмал түлшнийх 22%-тай байсан бол хагас кокс түлшнийх 11%. Дэгдэмхий гэдэг нь хүний нүдэнд харагдах утаа юм. Хагас кокс түлшийг хэрэглэснээр миддлингтэй харьцуулахад нийслэл хотын утаа 50%-аар буурна.
Хагас кокс түлшний хүхэр нь миддлингээр үйлдвэрлэсэн шахмал түлшнийхээс дөрөв дахин, PM тоосонцор хоёр дахин бага.
Энэ жил нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй. Түүхий нүүрс түлдэг ААН, байгууллагад хоёр жилийн өмнөөс миддлинг түлэх шаардлагыг тавьсан. Энэ хугацаанд бэлтгэлээ хангасан байх чиглэлийг өгсөн байдаг.
Өнгөрсөн жил нийслэл хотод 174 уурын болон усан зуух 87,000 тонн түүхий нүүрс хэрэглэсэн. Түүхий нүүрс түлдэг эдгээр уурын зуухнууд "Энержи ресурс" компаниас миддлингийг нэг тонныг нь 250,000 төгрөгөөр худалдаж авч хэрэглүүлнэ. Энэ нь тээврийн зардал шингэсэн үнэ. Тэгэхээр энэ өвөл нийслэлийн утаа буурна.
Уурын болон усан халаалтын 174 зуухаар нийслэл хотод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цэргийн анги, сургууль, цэцэрлэг зэргийг халааж байгаа . Байгаль орчин, уур амьсгалын яам, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран эдгээр уурын зуухнаас 27-г нь хийн түлшний системд шилжүүлэх юм. Бусад уурын зуухнууд зөвхөн миддлинг түлнэ. ААН-үүдийг миддлингээр хангах Засгийн газрын тогтоол 2022 онд гарсан байдаг. Тус тогтоолыг энэ жил хэрэгжүүлнэ.
2022 оноос тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдэж, Улаанбаатар хотын утааны бараг 33% нь автомашины утаа болсон. Автомашинаас ялгарах агаарын бохирдлыг бууруулахын тулд нийтийн тээврийн олон төрлийг нэвтрүүлэх, чанартай шатахуун хэрэглэх төслийг хэрэгжүүлэхээр ярьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!