Ирэх өвөл Улаанбаатар хотод хэрэглэх түлшний талаарх саналаа Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ.
Энэ тухай Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Байнгын хорооны хуралдаанд ирэх өвөл ямар түлш түлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлээс хагас коксожсон түлш хэрэглэх саналыг дэвшүүлж байгаа.
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд миддлинг буюу сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн жилүүдэд түллээ. Энэ нь цаг үеэ өнгөрөөсөн. Шахмал түлш тодорхой хэмжээний сайн үр дүнгээ өгсөн. Одоо дараагийн үе рүү орох шаардлагатай. Миддлингийг алтаар барьцалдуулсан ч амжилтыг олохгүй. Тиймээс хагас коксожсон түлшийг хоёр жилийн хугацаанд импортоор авч хэрэглэж, энэ хооронд Багануурын үйлдвэрийг барьж ашиглалтад оруулна.
Хагас коксыг хэрэглэснээр агаарын бохирдол шууд 50% буурна" гэв.
Хагас коксожсон түлш 5-10 минутад асаж бүрэн шаталтаа авдаг, илчлэг өндөртэй, 7-8 цаг дулаанаа хадгалдаг байна. Мидлинг нь 20 хувийн утаатай байдаг бол хагас коксожсон нүүрс нь 10 хувийн утаатай аж.
Хүхрийг багасгасан, хүчилтөрөгчийн агуулга бүхий асаагчтай, хагас коксожсон түлшийг DAP Эрээн нөхцөлөөр нэг тонныг 735,000 төгрөгөөр авах тендер зарлаж байгаагаа хотын удирдлага мэдэгдсэн юм. БНХАУ хагас коксын 300 гаруй үйлдвэртэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!