2025-2026 халаалтын улирлаас өмнө 50 орчим мянган өрхийг цахилгаан болон хийн түлшинд шилжүүлэх шийдэлд хүрч, “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийг хэрэгжүүлж, Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны гурван айлын гэр байшинг дулаалж, байшинд хүйтэн агаар сорж 60 хэм хүртэл халуун агаараар үлээх насос суурилуулжээ. Харин гэрт амьдардаг хоёр айлын нэгэнд хийн халаагуур, нөгөөд нь давхар шаталтат зуух тавьжээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60 орчим хувь нь гэр хорооллын айл өрхийн түлж байгаа түлшнээс гардаг гэж ЖАЙКА олон улсын байгууллагын 2022 оны тайланд бичигдсэн.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл хотын гэр хороололд ногоон, шар бүсийг тогтоож байгаа. Ногоон бүсэд 100,000 гаруй айл өрх бий. Эдгээр айл өрхийг ойрын хоёр жилийн хугацаанд хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэх шийдэлд хүрч, ажиллаж байна. Ингэхийн тулд айл өрхийг дулаан алдагдалгүй болгох ажлыг хамтарч хийх юм. Гэр, байшингаа стандартын дагуу дулаалсан айлд хийн болон цахилгаан халаагуурын төхөөрөмж суурилуулж, сар бүрийн хэрэглээнд үнийн урамшуулал олгоно.
Энэ жил ногоон бүсийн 50,000 гаруй айлыг цахилгаан болон хийн халаагуурын системд шилжүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллана. Харин үлдсэн 100,000 орчим айл өрхөд хагас коксожсон нүүрсийг хэрэглүүлнэ. Өөрөөр хэлбэл жигнээд химийн хүнд элементүүдийг ялгаж авсан, түүхий эд суурьтай шинэ нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлнэ. Мөн боломжтой айл өрхүүдэд зуухны шинэчлэлийг хийнэ. Ингэж чадсанаар олон жил ярьсан агаарын бохирдлоос сална гэж төлөвлөж байна.
Жил бүрийн өвөл утаагаа ярьж, хаврын улиралд мартдагаа больж, дулааны улиралд агаарын бохирдолтой тэмцэх ажлаа эрчимжүүлэх зорилт тавилаа" хэмээн мэдэгдэв.
Нийслэлийн гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг ногоон болон шар бүсэд хамруулсан бөгөөд ногоон бүсэд 103,090 өрх амьдарч байгаа аж.
Хийн халаагуурын төхөөрөмжийг суурилуулсан СХД-ийн гуравдугаар хорооны иргэн Д.Баянбаатар "Хийн зуухыг зааварчилгаа өгсний дагуу хоёр өдөр ажиллуулж үзэхэд хоёр минутад халж байна. Зуухны төхөөрөмж нь хоёр баллон хийн түлштэй бөгөөд өдөрт гурван удаа хоол цай хийхэд нэг баллоныг ес хоног хэрэглэнэ. Нэг баллоныг хийн түлшээр цэнэглэхэд 38,000-45,000 төгрөг юм билээ. Сард дөрвөн баллон түлш хэрэглэнэ гэж тооцоолж байна. Үүнд сар бүр 100,000 төгрөгийн хөнгөлөлт олгохоор хямд тусна. Харин хийн түлш дуусвал хүргэлтээр авчирч өгнө гэсэн. Аюулгүйн мэдрэгч сайн ажиллаж байна.
Гэрийн шалыг шилэн хөвөнтэй, дээврийг ус, чийг нэвтрэхгүй зузаан, гялгар материалаар бүтэн дулаалж, хийн зуухыг суурилуулж өгсөн" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
|