Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Түвшинхүү: Эрдэмтдийн зөвлөл хагас кокс түлшийг түлж болно гэдэг шийдвэр гаргаагүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тавантолгой түлш ХХК-аас 2025 оны зургаадугаар сарын 13-нд хагас кокс буюу xөx нүүрсээр хийсэн шахмал түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарласан. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар "Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлт гарсан. Өндөр илчлэгтэй угаагаагүй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэсэн. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Би шийдвэрийг нь биелүүлж байна" хэмээн ярьж байлаа. 

Тэгвэл Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн 06 дугаартай шийдвэр нь хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхийн өмнө сайтар судлах шаардлагатай гэж гарсан талаар тус зөвлөлийн гишүүн, дулаан эрчим хүчний үр ашгийн менежментийн инженер С.Түвшинхүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүүлийн үед хагас кокс буюу манайхны нэрлэдгээр хөх нүүрсийг хятадаас оруулж ирж түлэх асуудал ихээхэн маргаан дагуулж байна. Бид хагас кокс түлшийг түлж болно гэдэг шийдвэр гаргаагүй. Хэмжилт судалгааг сайтар хийх ёстойг зөвлөсөн. Хагас кокс нь илчлэг өндөртэй учраас сайжруулсан түлшийг бодвол шатаахад нэлээд төвөгтэй болно. Тиймээс угаартах эрсдэл өсөх магадлалтай. 

Тэр өдөр шуурхай байдлаар цахимаар хуралдсан. Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд судалгаа хийх хэрэгтэй гэдэгт саналаа өгсөн. Тавантолгой түлш ХХК-аас танилцуулга хийхэд "илчлэг багатай нүүрсийг шатааж дийлэхгүй байж илүү илчлэг өндөртэй нүүрс ашиглаж яах гэж байгаа юм бэ" хэмээн хэлсэн. 

Нүүрсийг агааргүй орчинд 400-650 цельсийн хэмийн дулааны боловсруулалт хийх замаар баяжуулж, сүвэрхэг бүтэцтэй, нүүрстөрөгчийн агууламж өндөр, гадаргуу талбайн хэмжээ ихэссэн, чийгийн агууламжгүй хуурай нүүрсэн түлшийг хагас кокс гэж нэрлэдэг. Энэ төрлийн нүүрсний илчлэг ойролцоогоор 7кВтц/кг орчим байдаг.

Энэ нь дулааны боловсруулалтаар баяжуулсан тул шатаах үед нарийн ширхэгт, тоос тортог бага ялгардаг учраас агаарын бохирдолд үзүүлэх нөлөөлөл эрс багассан. Харин шатаахад нүүрстөрөгчийн агууламж өндөр тул түүнд таарсан их агаар хэрэгтэй болно.

Өнөөдөр сайжруулсан нэртэй шахмал түлшийг шатаахад шаардлагатай агаар дутагдсанаас (өөрөөр хэлбэл зуух нь шатааж дийлээгүйгээс) дутуу шаталт явагдаж угаарын хий үүсэх замаар олон хүнийг үхэлд хүргэж байсан аюул хэвээр үлдэх эрсдэлтэй байна. Учир нь шахмал нүүрсээ шатааж дийлэхгүй байсан нөгөө л зуухандаа бид дээрх нүүрсийг түлж таарна" хэмээн ярилаа.

зураг
 
зураг