Тавантолгой түлш ХХК-аас 2025 оны зургаадугаар сарын 13-нд хагас кокс буюу xөx нүүрсээр хийсэн шахмал түлшийг 226 тэрбум төгрөгөөр худалдан авах тендер зарласан байна. Энэ талаар Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлт гарсан. Өндөр илчлэгтэй угаагаагүй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэсэн. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Би шийдвэрийг нь биелүүлж байна.
Намайг УИХ-ын тогтоол зөрчсөн гэвэл холбогдох газарт нь өг. Бид одоогийн Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэрийн нийт зардлаас 300 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэх гэж байна. 800-аас дээш градуст жигнэсэн давирхай болон бусад химийн хортой нэгдлийг ялгасан нүүрсийг 226 тэрбум төгрөгөөр аваад эндээ савлана.
Эрдэнэс Монголын харьяа нэгтгэлүүдийн хүрээнд хагас коксжих түлшний үйлдвэр байгуулах яриа байгаа. Энэ үйлдвэр байгуулагдах хүртэл хамгийн багадаа 30-аас дээш сар болно. Тэр хүртэл яах вэ гэдгээ ярьж байна. Зуух солихгүйгээр хийнэ" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!