"Тавантолгой түлш” компанийн хийсэн асаагч бүтээгдэхүүнийг хагас коксон түлшинд ашиглах боломжтойг баталжээ
Нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр хангадаг “Тавантолгой түлш” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн шахмал түлшний асаагч бүтээгдэхүүний туршилт, лабораторийн шинжилгээний үр дүнг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн хуралдаанд танилцуулжээ.
Шахмал түлшний асаагч бүтээгдэхүүнийг модтой харьцуулан туршиж, лабораторийн шинжилгээгээр асаагч бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, хаягдал утааны хэмжээ болон шаталтаас үүсэх хийн агуулгыг тодорхойлсон байна.
Асаагч бүтээгдэхүүнүүд нь үнэр, утаа багатай, дөлний өндөр сайн, асаахад хялбар, бүрэн шаталттай байсныг “Тавантолгой түлш” ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбат танилцуулав.
Туршилт болон лабораторийн шинжилгээний үр дүнгээр асаагч бүтээгдэхүүнийг ашиглан хагас коксон шахмал түлшийг асаах боломжтойг баталж, гал асалтын үеийн утаа мэдэгдэхүйц буурчээ.
Эрдэмтдийн зөвлөлөөс асаагч бүтээгдэхүүний туршилтын үр дүнтэй танилцаж, зөвлөмж гарган, холбогдох байгууллагуудад хүргүүлэх аж.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос 2025-2026 оны халаалтын улиралд хэрэглэсэн хагас коксон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, ирэх өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэж, ₮288.7 тэрбумаар гаднын улсаас худалдаж авахаар болоод байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

