Э.Оюунболд: "Төгрөг нуур"-тай холбоотой асуудлыг мөрдөн шалгаж байгаа
Авлигатай Тэмцэх Газар(АТГ) өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мөрдөн шалгаж буй хэргүүд, ажлын явц, үр дүнг танилцуулав.
Мэдээллийнх нь дараа сэтгүүлчид зарим зүйлийг тодрууллаа.
- Хотын дарга асан Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, хууль бус хөрөнгөтэй тухай маш их мэдээлэл хийсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудалтай холбоотойгоор АТГ шалгаж байгаа юу?
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Н.Дамдинсүрэн: - Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлж, түүнд хяналт шалгалт хийдэг. АТГ-т 2026 оны байдлаар 220 төрийн өндөр албан тушаалтан буюу түүнтэй адилтгах албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Үүнээс хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Ингэхдээ төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бусаар хянан шалгадаг.
Төлөвлөгөөт хянан шалгалтын хувьд таны асуусанчлан 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбогдуулан нэр бүхий иргэнээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгт нь хянан шалгалтын ажиллагааг явуулсан. Мэдүүлэг гаргагчийн хувьд Авлигын эсрэг хуульд зааснаар өөрөө болон гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн зөвөөр мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байсан. Энэ талаар тухайн нэр бүхий иргэнд хариуг хүргүүлж шийдвэрлэсэн.
- "Төгрөг нуур"-тай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Н.Учрал өмнө нь гомдол гаргасан. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үү?
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахлах комиссар Э.Оюунболд: - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
- НИТХ-ын хэдэн төлөөлөгч Туулын хурдны зам болон зарим хэрэгт холбогдон шалгагдаж байна вэ? Тухайлбал төлөөлөгч Л.Хосбаяр хэрэгт татагдсан уу?
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн: - НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяртай холбоотой гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.
- Улсын Их Хурал(УИХ)-ын дарга асан Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ. Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж зэрэг хүнтэй холбоотой шалгагдаж байгаа хэрэг бий юу?
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн: - УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.
- Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлого нотлогдсон уу, өөрөө бол нотлогдсон гэж яриад байгаад АТГ тайлбар өгч болох уу?
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Н.Дамдинсүрэн: - 2025 онд нэр бүхий иргэдээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийлгүүлэхээр хандсан. Үүнд ямар нэг байдлаар Авлигын эсрэг хууль зөрчсөн, хариуцлага тооцсон асуудал байхгүй.
- "Шувуу ажиллагаа"-гаар авчирсан Т.Бадамжунайн асуудал ямар шатандаа яваа вэ?
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн: - Мөрдөн шалгах ажиллагаа нь дууссан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
