Л.Хосбаяр: Эрхэлж байсан ажилтай маань холбоотойгоор АТГ надаас тайлбар авсан. Яллагдагчаар татаагүй

Б.Бадамгарав, IKon.mn
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаярыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас шалгаж байгаа, гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийсэн гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар нь өнөөдөр түүнээс "Шинэ үеийн Улаанбаатар" бодлогыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид тодрууллаа.

Нийслэлийн замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр "Миний хувьд 2023 оны аравдугаар сард нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай хамтран ажиллахаар нийслэлд ирсэн. Энэ хугацаанд Улаанбаатар хотын төсөв санхүүтэй холбоотой зохицуулагч хийсэн.

Засгийн газраас 2026 оны тавдугаар сард нийслэлийн 2025, 2026 оны төсөвтэй холбоотой асуудлууд болон 24 мега төслийн хэрэгжилтэд ямар алдаа дутагдал байна вэ гэдгийг шалгах томоохон ажлын хэсгийг Авлигатай Тэмцэх Газарт байгуулсан юм байна. Энэ хүрээнд ажил эрхэлж байсан хүний хувьд намайг дуудаж асуух эрх нь тус байгууллагад бий учир АТГ-аас намайг дуудсан. Эрхэлж байсан ажлынхаа хүрээнд би тодруулгаа өгсөн. Өнөөдрийн байдлаар яллагдагч, хэрэгтэн сэжигтнээр, та бүгдийн асууж байгаа шиг Эрүүгийн хуулийн 22.1-т заасан ангиллаар татагдсан зүйл байхгүй.

Миний хувьд төрийн жинхэнэ албанаас улс төрийн албан тушаалд сонгогдож ирсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж 20 гаруй жил ажиллаж байгаа хүний хувьд хуулийн хүрээнд үнэн шударгаар ажиллаж байсандаа эргэлзэхгүй байна.

24 мега төслийн санхүүжилтийг босгох ажлыг би хариуцаж байсан учраас аль төсөл дээр ямар шугамаар мөнгө босгосныг асуусанд тайлбар өгч байгаа" гэлээ. 

Л.Хосбаяр нь хотын өмнөх даргын үед Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байв.