Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.8-д заасныг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар Ашигт малтмал, газрын тосны газарт даалгалаа.
Мөн УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу Төгрөг нуурын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах, ордын талбайн хил заагийг Засгийн газраас тогтоох асуудлыг яаралтай боловсруулж, 2025 оны 09 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд мөн үүрэг болголоо.
УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан албан тушаалтан нь “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцааг эзэмшиж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж их хэмжээний орлого олж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлд АТГ хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Тус орд нь Ирээдүйн өв сан болон Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх ач холбогдолтой чухал орд газар. Тиймээс хүчингүй болсон тусгай зөвшөөрлүүдийг Үндэсний баялгийн санг бүрдүүлдэг үндэсний аж ахуйн нэгжид шилжүүлж, хайгуул болон олборлолтыг эрчимжүүлэх, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үр өгөөжийг нь Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ёстойг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлон хэлэв.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!