ikonmn

 

ГАММАГИЙН ДУРАНД БУУСАН 30 ТҮҮХЭН АГШИН

 

1996 онд гэрэл зурагчин С.Цацралт, Ц.Батзориг, Л.Ганзориг нарын үүсгэн байгуулж байсан Монголын анхны хувийн гэрэл зургийн “Гамма” агентлагийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. 

 

Тэд өнгөрсөн 30 жилийн хугацаанд гэрэл зургийн чиглэлээр 500 гаруй ном товхимол, сэтгүүл, 200 гаруй гэрэл зургийн үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулжээ.

 

Та бүхэнд сүүлийн 30 жилд Гаммагийн дуранд буусан 30 түүхэн агшныг хүргэж байна.

 

1984 оны долдугаар сарын сүүлээр. Гэрэл зургийг С.Цацралт

Пионер сурагчдын “Дөл” зусланд Ю.Цэдэнбал БНМАУ-ын маршал хувцастайгаа сүүлчийн удаа зочлов.

Гэрэл зургийг С.Цацралт

1939 оны Халх голын тулалдаанд оролцсон ахмад дайчин Япон улсын засгийн газрын хүнсний тусламж хүлээн авав.

1990 он. Гэрэл зургийг С.Цацралт

Ардчиллын төлөөх бүх нийтийн жагсаал

Энэ өдөр хоёр сая гаруй хүн амтай Монгол Улсад анх удаа олон мянган хүнийг хамарсан өргөн хэмжээний жагсаал, цуглаан болжээ. Иргэд өөрсдийн хүсэл зориг, үзэл санаагаар сайн дураараа нэгдэн цугласан нь тухайн үеийн нийгмийн амьдралд онцгой үйл явдал байв.

Социализмын үед албан шахалт, зохион байгуулалтаар явуулдаг байсан жагсаал цуглаанаас энэ удаагийн үйл явдал эрс ялгаатай байлаа. Ардчилсан хүчний байгууллагуудын зохион байгуулсан уг цуглаанаас төрийн эрх баригчдад намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлах, улс төрийн бүх хүчнийг тэгш эрхтэйгээр оролцуулсан Ардын түр хурал байгуулах зэрэг шаардлагыг хүргүүлсэн юм.

1991 он. Гэрэл зургийг С.Цацралт

"Зөвлөлтийн цэргийн хуаран эзгүйрсэн нь"

Монгол Улсын нутаг дэвсгэрт ЗХУ-ын цэрэг олон жилийн турш байрлаж, өөрийн гэсэн бүхэл бүтэн хороолол, сууриныг бий болгосон байлаа. 1989 оны тавдугаар сард ЗХУ цэрэг, зэвсэгт хүчнээ Монголын нутаг дэвсгэрээс гаргах болсноо зарлав. Үүнээс гуравхан хоногийн дараа цэргийн эхний анги нэгтгэлүүд Эрдэнэт хотоос хөдөлсөн юм. Эрдэнэт хотын ойролцоо байсан цэргийн хуаран ийнхүү эзгүйрч, балгас болон үлджээ.

1991 он. Гэрэл зургийг С.Цацралт 

Улаанбаатар хот. Бага тойруу, Хүнсний 4-р дэлгүүр

1990-ээд оны шилжилтийн үеийн эдийн засгийн хямралаас үүдэн архийг хязгаартай, картаар олгодог байв. Дэлгүүрүүдийн гадна хэдэн зуун метрийн урттай, заримдаа хонож зогсох архины оочир үүсдэг байсан бөгөөд энэ нь тэр үеийн нийгмийн амьдралын нэгэн тод дүр зураг, түүх болон үлджээ. 

1991 он. Гэрэл зургийг С.Цацралт

Баянхонгор аймгийн Богд сум

Баянхонгор аймгийн Богд сумын малчин Б.Батцэнгэл Япон улсад явахаар гэрийнхээ гадаа гадаад паспортын зураг авхуулж байна. 

1991 оноос Монгол улсын иргэдэд гадаад паспорт олгох хялбар журам үйлчилж эхэлсэн юм. 

1991 он. Гэрэл зургийг С.Цацралт 

Улаанбаатар хот. Төв цэнгэлдэх

Үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ улсын баяр наадамд 11 удаа түрүүлэхдээ ганц удаа л өвдөг шороодсон юм. Монголын бөхчүүд дундаас хамгийн их хайр хүндэтгэл хүлээсэн алдартай хүчтэнүүдийн нэг П.Сүхбат Улсын баяр наадамд найм давж үзүүрлэсэн мөч.

1992 он. Гэрэл зургийг С.Цацралт

Монгол улс БНМАУ-ын социализмын бүрэн ялалтаас татгалзав.

Гэрэл зургийг Ц.Батзориг 

1993 онд нийт 16 аймгийн нутгийг хамарсан зуд болов.

Ялангуяа Баянхонгор, Говь-Алтай зэрэг баруун болон говийн аймгуудад цас их орж, нөхцөл байдал хүндэрсэн нь томоохон байгалийн гамшиг болсон юм.

Гэрэл зургийг Ц.Батзориг 

1993 онд нийт 16 аймгийн нутгийг хамарсан зуд болов.

Ялангуяа Баянхонгор, Говь-Алтай зэрэг баруун болон говийн аймгуудад цас их орж, нөхцөл байдал хүндэрсэн нь томоохон байгалийн гамшиг болсон юм.

1996 он. Гэрэл зургийг Л.Ганзориг

Мэгжид Жанрайсаг бурхны мэлмийг нээв.

Ардчилсан хувьсгал ялж, шашин суртал тахин шүтэх эрх чөлөө сэргэсний дараа буюу 1990 оны 4 дүгээр сард Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат болон Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс ард түмний шүтээнийг дахин бүтээн залах зарлиг, уриалга гаргажээ.  Бурхныг дахин босгох ажлыг "Бүх ард түмний хандив"-аар бүтээсэн бөгөөд Монгол улсын өнцөг булан бүрээс иргэд, аж ахуйн нэгжүүд зэс, алт, мөнгө, эд хөрөнгө, мөнгөн хандив өргөж байв.

1997 он. Гэрэл зургийг Л.Ганзориг  

Анхны казино

Монгол Улсын Парламент 1998 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр "Казиногийн тухай хууль"-ийг анх удаа баталсан. Үүнээс нэг жилийн дараа УИХ 1999 онд Казиногийн тухай хуулийг буцаан хүчингүй болгосон. Улмаар 2003 оны 6 дугаар сарын 20-ны өдөр "Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хууль"-ийг баталснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт аливаа хэлбэрээр казино ажиллуулахыг албан ёсоор бүрэн хориглосон. 

Хэнтий аймаг Батноров сум. Гэрэл зургийг Ц.Батзориг

"Халтар царайт"

 

 

2002 он. Гэрэл зургийг Л.Ганзориг 

Он солигдох мөч. Ховд аймаг Эрдэнэбүрэн сум.

 

2005 он. Гэрэл зургийг Д.Давааням

"Утаан доорх Улаанбаатар"

Хүний эрхийн үндэсний комиссын таван жилийн ойг тохиолдуулан зарласан “Хүний эрх фото дуранд” гэрэл зургийн уралдааны 3-р байрт шалгарснаас хойш 21 жил өнгөрсөн ч юу ч өөрчлөгдсөнгүй.

2005 он. Гэрэл зургийг Б.Рэнцэндорж

Төв аймаг заамар сум

Алтан Дорнод Монгол компанийн уурхайд гар аргаар алт олборлогчид буюу “нинжа” нар нэвтэрч, алт олборлож байна.

 

2007 он. Гэрэл зургийг  Б.Рэнцэндорж

Улаанбаатар хот. Төв цэнгэлдэх хүрээлэн

Монголын төр Гадаадад ажиллах хүч илгээх төвийг шинээр байгуулж, Солонгос улсад ажиллах сонирхолтой 15 мянган хүнийг  2007 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд бүртгэнэ хэмээн зарлав. Зарласан мөчөөс залуус мянга мянгаараа бүртгэх газрын гадаа дугаарласан юм.

2008 оны 07.01. Гэрэл зургийг Т.Бямба-Очир

 

2008 он. Гэрэл зургийг Б.Инжинааш

Монголчууд анхны олимпын аваргатай болов.

Манай улс  1964 оноос эхлэн Олимпын наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Бид 44 жилийн дараа олимпын наадмаас хамгийн анхны алтан медалиа хүртсэн юм. 

Дундговь аймаг 2010 он.

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж 

2009-2010 оны өвөл Монгол даяар асар их цас орж хүйтэрсэн юм. Аравдугаар сараас эхлэн Монголын 21 аймгийн 19 аймагт тасралтгүй цас орж шууран, хүйтний эрч чангарч, -40-өөс дээш гарч байв. 

Зарим нутагт зузаан цасан бүрхүүл тогтож, зам хаагдан, тээврийн хэрэгсэл явах боломжгүй болж байлаа. Нэвсийсэн их цас, хүйтэн шуургатай хавсран мал, малчин хоёрыг туйлдуулснаар 8,600 гаруй малчин өрх малгүй болж, амьжиргааны гол эх үүсвэрээсээ салав.

Улсын хэмжээнд нийт 44 сая малаас 12 сая нь хорогджээ. Зудын дараа амьжиргааны эх үүсвэрээсээ салсан малчид нийслэл хот руу нүүдэллэн ажилгүй, орлогогүй иргэдийн тоог нэмдэг. 2010 оны зудын үеэр Монголын Засгийн газар онц байдал зарлан, олон улсын тусламж авахад хүрсэн бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 4 сая доллар гарган олон сая малын сэг зэмийг зайлуулсан малчид, орон нутгийн иргэдийг цалинтай ажиллуулсан юм.

2013 он. Гэрэл зургийг Д.Давааням

Улаанбаатар хот. Цагаан хөтөл

Дүнжингарав хаврын хурдан морины уралдаан

Өнөөг хүртэл хэвлэл мэдээлэлд морь унаач хүүхдийн асуудлыг хөндсөн тэдний эрх ашгийн төлөө зогссон хүний эрхийн байгууллага иргэний нийгмийн байгууллагууд ашиглан нийгэмд мэдэгдэхүйц нөлөө авчирсан гэрэл зураг юм. 

Хүний эрхийн үндэсний комисс, Лантуун дохио ТББ, Хүүхдийн төлөө газар, НҮБ-ийн хүүхдийн сан зэрэг олон байгууллага гадаад, дотоодын тайлан илтгэлд ашиглагдан шийдвэр гаргагчдад нөлөө үзүүлэх баримт болон ашиглагдаж байна. Хэдий 12 жил өнгөрсөн ч энэ асуудал байсан хэвээр байна.

2017 он. Гэрэл зургийг Б.Инжинааш 

Хөвсгөл аймаг. Мөрөн хот "Хавар гэж хашхирч байна"

 

2017 он. Гэрэл зургийг Б.Рэнцэндорж 

Өмнөговь аймаг. Нүүрс тээврийн зам

Монголын нүүрсний цор ганц худалдан авагч Хятадын тал татан авалтаа багасгаснаас өдөрт 1,500 орчим машин нэвтэрдэг Гашуунсухайтын боомтын нэвтрэлт гурав дахин буурчээ. Үр дүнд нь нүүрс ачсан хүнд даацын машины бөглөрөл үүсэж, жолооч нар хагас сарыг зам дээр өнгөрүүлэх болов. Говийн аагим халуун өдрүүдэд эхэлсэн замын түгжрэл өвлийн тэсгэм хүйтэнд ч үргэлжилсэн бөгөөд жолооч нар тэвчээр заан чилийтлээ хүлээсээр.

Өдөртөө 4-5 км урагшлахаас хэтрэхгүй явсаар сард хоёр "рейс" хийвэл их юм. 100 гаруй км үргэлжилсэн урт цувааг дагаад орон нутгийнхны жижиг бизнес цэцэглэсэн нь уух ус, ойр зуурын хүнс, тамхины наймаа байв. Машиндаа амьдрахаас өөр сонголтгүй болсон жолооч нар явуулын наймаачдын өндөр үнэтэй ус, хоол хүнсэнд олсон жаахан мөнгөө үрэхээс аргагүй болно.

2020 он. Гэрэл зургийг Д.Занданбат

Дуу авиа хөдөлгөөн "Бид буруутай" 

 

2020 он. Гэрэл зургийг Д.Занданбат 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Олон Улсын хэмжээний нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал” гэж зарласнаас бүрэн цуцлах хүртэл 1,191 хоногийн хугацаанд үргэлжилсэн.

Манай Улсын хувьд 140 гаруй хоног хатуу болон өндөр хөл хорио, хязгаарлалтын дэглэм үе шаттайгаар үргэлжилсэн байдаг.

2021 он. Гэрэл зургийг  Б.Рэнцэндорж

Улаанбаатар хот

Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байхад баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн залуус “No Naadam” тайван жагсаал хийж суулт зарласан. Мөн баяр наадмыг хэвийн зохион байгуулахыг шаардан морьтой жагсаал хийж байна.

Гэрэл зургийг Б.Инжинааш. 2022 он 

Завхан, Алдархаан сум

Монголын ууган сумдын нэг 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.

2022 он. Гэрэл зургийг Д.Занданбат

Нүүрсний хулгайн эсрэг жагсаалын сүүлчийн өдөр. Монгол Улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний бүртгэл хил гаалийн зөрүүгээс болж "их хэмжээний нүүрс бүртгэлгүй гарсан" асуудал сошиал болон хэвлэлээр ил болсон.

Бүртгэлгүй гарсан нүүрсний хэмжээний мөнгөн дүнгээр 44 их наяд хэмээн улс төрчид, судлаачид мэдээлэл өгсөн юм. Улмаар төв талбай дээр залуучууд цуглаж эсэргүүцлээ илэрхийлсээр байсан юм.

2023 он. Гэрэл зургийг Б.Рэнцэндорж

Улаанбаатар хот Сүхбаатарын талбай

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Ромын Пап Францисын Монгол Улсад айлчилж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авлаа.

2026 он. Гэрэл зургийг Б.Рэнцэндорж 

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн урд талаас нүүлгэн шилжүүлснийг буцаан байршуулав.

Хаана: Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 

Гэрэл зургийн салбарт өөрийн өнгө төрх, дотоод мэдрэмж, арга барилаар ажиллаж ирсэн Гамма агентлаг 1996 оноос өнөөг хүртэлх 30 жилийн түүхэн замналаа энэ онд тэмдэглэж байна. Тэд энэхүү түүхэн ойн хүрээндээ "Гамма 30" гэрэл зургийн номын нээлт болон гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулахаар болжээ.  Гэрэл зургаар өгүүлсэн 30 жилийн түүх, дурсамж, агшин хормуудтай үзэж танилцахыг урьж байна.