Nividia компани болон түүний гүйцэтгэх захирал Женсен Хуаныг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өглөө
Мягмар гарагт дэлхийн технологийн салбарын томоохон зүтгэлтэн Женсен Хуан бас нэг шинэ асуудалтай тулгарлаа. Түүнийг болон түүний удирддаг Nvidia компанийг хувьцаа эзэмшигчид нь шүүхэд өгсөн бөгөөд шалтгаанаа түүнийг Хятадын тагнуул хэмээн сэжиглэгдэж буй эмэгтэйтэй дотно харилцаатай байсан асуудлаар хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.
АНУ-д төвлөрдөг Rosen хуулийн фирмийн мэдээлснээр тэд Хуан болон хиймэл оюун ухааны (AI) салбарын аварга компани болох Nvidia-гийн эсрэг шүүхэд хамтын нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлд дурдсанаар Бээжинд мэдээлэл дамжуулсан хэрэгт сэжиглэгдэж буй эмэгтэйтэй холбоотой байсан хэдий ч Хуан энэ талаар мэдээллээ хувьцаа эзэмшигчдээс нууцалсан гэж буруутгажээ.
Өнгөрсөн сард "The New York Times" сонин Тайваньд төрсөн Хуан нь Сингапурт төвтэй Megaspeed дата төвийн компанийн Хятад гаралтай удирдах ажилтан Алис Хуантай дотно харилцаатай байсан тухай анх мэдээлсэн юм.
Тэрхүү эмэгтэй нь ижил овогтой ч Nvidia компанийн 63 настай гүйцэтгэх захирал Хуантай төрөл садны ямар ч холбоогүй юм байна.
Ням гарагт Nvidia компанийн гүйцэтгэх захирлыг "гадаадын тагнуулын үйл ажиллагааны бай болсон" байж болзошгүй гэх мэдээллийн дагуу тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл шалгалт эхлүүлсний дараа хувьцааны ханш нь огцом унажээ. Бээжингийн эрх баригчдын зүгээс Хуаныг тагнаснаа үгүйсгэж байна.
Хятад улс технологийн салбарт ноёрхохын төлөө АНУ-тай өрсөлдөж байгаа бөгөөд үүний улмаас АНУ хамгийн дэвшилтэт хагас дамжуулагч чипүүдээ Хятад руу экспортлохыг хязгаарлаад байгаа юм.
Хиймэл оюун ухааны загваруудыг сургах, ажиллуулахад шаардлагатай чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Nvidia нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг билээ.
Даваа гарагт Калифорни мужийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлд Хуан болон Nvidia компани нь уг харилцаанаас үүдэлтэй үндэсний аюулгүй байдлын асуудлын талаар хувьцаа эзэмшигчдийг төөрөгдүүлсэн бөгөөд тэдний худал эсвэл төөрөгдүүлсэн мэдэгдлүүд нь Nvidia-гийн хувьцааны ханшийг "хиймэл байдлаар өсгөсөн" гэж дүгнэжээ.
Нэхэмжлэлд цааш нь "Хариуцагч талын буруутай үйлдлийн улмаас компанийн үнэт цаасны зах зээлийн үнэлгээ огцом унаж, нэхэмжлэгч болон бусад хувьцаа эзэмшигчид их хэмжээний хохирол амссан" гэж өгүүлсэн байна.
Ням гарагт Хуан компанийнхаа ажилтнуудад илгээсэн захидалдаа эхнэртээ "үнэнч бус" байснаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ уучлалт гуйсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
