"Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аяга таваг угаагч, ариутгагч тоног төхөөрөмж нийлүүлэх хятад компани шаардлага хангаагүй бүтээгдэхүүн авчирч үзүүлсэн"
Хүүхдийн сургууль, цэцэрлэгт аяга таваг угаах, ариутгах, хеликобактериас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн төсөвт хөрөнгө тусгасан байдаг.
Энэхүү тоног төхөөрөмжийг худалдаж авсан эсэх талаар Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат "Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн аяга таваг угаагч тоног төхөөрөмж худалдаж авах тендер зарлагдаж, компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлэлт хийгдэнэ. Тоног төхөөрөмж нийлүүлж буй компани нь нэг ширхгийг авчирч үзүүлсний дагуу бусад худалдан авалтыг хийнэ гэж гэрээнд заасан. Гэвч техникийн тодорхойлолт, ажлын даалгаварт зааснаас өөр аяга таваг ариутгагч тоног төхөөрөмж авчирсан тул хүлээж аваагүй" гэв.
Аяга таваг угаагч, ариутгагч нь автомат тохируулгатай байх шаардлагыг тавьсан ч хангаагүй аж.
Энэ тухай Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар (НХОГ) ОНӨААТҮГ-ын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг "Техникийн тодорхойлолтдоо Аяга таваг угаагч, ариутгагч нь автомат тохируулгатай байх шаардлагыг тавьсан ч үүнд хүрээгүй. БНХАУ-ын нийлүүлэгч компанид нэмэлтээр автомат зайлагчийг захиалан үйлдвэрлүүлж байгаа. Нийлүүлэгч компаниас 1,011 ширхэг тоног төхөөрөмж ирэхээр эндээ угсарч, цэцэрлэгүүдэд хүргэхээр төлөвлөж байгаа" хэмээн тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
