Э.Энхтөр: Боловсролын ерөнхий газар хүүхдийн хоол хүнсийг хариуцах ямар хэрэгтэй юм бэ. Хүнсний дөрвөн байгууллагатай арсалдчих юм
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдаанаар нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг "Асгат”, “Багачууд хүнс”, “Хүнс хангамж”, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-уудыг татан буулгах асуудлыг хэлэлцэж байна.
Тус дөрвөн байгууллага нь нийслэлийн хэмжээний ерөнхий боловсролын 149 сургууль, 308 цэцэрлэгийн хүнсний бүтээгдэхүүнийг захиалгын дагуу хүнсний бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэх үндсэн үүрэгтэй. Татан буулгах асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Э.Энхтөр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хүнсний дөрвөн байгууллага их утга учиртай. Одоогоос 40 гаруй жилийн өмнө анх энэ хүнсний байгууллагыг үүсгэн байгуулсан. Улс эх орон хүүхэд багачуудынхаа хоол хүнсийг эрүүл аюулгүй өгөх асуудлыг шийдэх гэж байсан.
Хүнсний байгууллагуудыг татан буулгаад сайжруулах, бүтцийг өөрчлөх чиглэл рүү явж байна гэсэн мэдээлэл авсан хүмүүст хэлмээр байна. Өнөөдөр хоёрхон настай хүүхдийн хоолыг бэлтгэхээр энэ хүнсний дөрвөн байгууллага сайн муугаараа хэлэгдээд явж байгаа.
Харин хувийн компаниуд шууд нийлүүлээд явж зүйл зөндөө. Төр хувийн хэвшлээ хангалттай дэмжиж байгаа. 2-3 жилийн өмнө хүнсний дөрвөн байгууллагын мөнгөн гүйлгээний урсгал зардал хэдэн төгрөг байлаа, одоо 20-30 дахин буураад зөвхөн хоёр дахь буюу бүдүүн ногоо түүхий мах нийлүүлдэг. Хувийн хэвшил нийлүүлдэггүй хүнсний бүтээгдэхүүнийг төрд нийлүүлээд явж байгаа.
Хувийн хэвшлийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнээс хүүхдүүд хордоод эмнэлэгт үзүүлдэг. Дээрээс нь Боловсролын ерөнхий газар хүүхдийн хоол хүнсийг хариуцах ямар хэрэгтэй юм бэ. Хүнсний дөрвөн байгууллагатай арсалдчих юм.
Засгийн газар хувийн хэвшилд өг гээд таван жилийн өмнө НӨАТ төлөгч болгочихсон. Төр өөрөө НӨАТ төлөгч болгочихсон, 10 хувийн нэмэгдэлтэй очоод байгаа нь түүнээс шалтгаалж байгаа.
Хүнсний дөрвөн байгууллага ашиг олоод, хүүхдийн хоолны чанар муудаад байгаа зүйл огт байхгүй. Бүх төрлийн аудитын дүнг аваад үзвэл хямд байх үед бөөнд нь авч агуулахдаа хийгээд юмны үнэ хамгийн өндөр байх үед сургууль цэцэрлэгт хямд борлуулдаг байгууллага шүү дээ. Цар тахлын үед хөл хорио тогтоож байх үед хүнсний дөрвөн байгууллагын агуулахад байсан хүнс хамгийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд очиж өдөр тутмын хоол хүнсийг хангаж явсан.
Цахим тендерт орж, ерөнхий гэрээ хийсэн махны компаниудад төлөөлөгч нараа хамт очъё. Шалгалтаар явж байхад би хамт байсан. Бүгд Хүчит шонхор захын хажуу талын гэр хороололд өөрсдөө хоёр давхарт амьдраад нэг давхарт махны үйлдвэрлэл хийгээд сургуулиудад өгч байгаа. Энэ чинь эрүүл юм уу" гэв.
Түүний асуултад Нийслэлийн засаг даргын орлогч Г.Жаргалсайхан "Өнөөдрийн байдлаар сургуулиуд хоол үйлдвэрлэлээ цахим дэлгүүрээс аваад явж байгаа. 100 хувь хүнсний дөрвөн байгууллага нийлүүлж байгаа гэсэн үг биш. 331 цэцэрлэгээс 286 нь энэ дөрвөн байгууллагаас авч байгаа. Нийт 104 тэрбум төгрөгийн зах зээл байдгаас 40-50 орчим хувийг эзлээд явдаг.
Үүнтэй холбогдуулан Боловсролын сайдтай зургаан дүүрэг дээр ажиллаж, сургууль цэцэрлэгийн удирдлагуудад энэ асуудлыг танилцуулсан. Бодит байдал дээр бүгд алга ташиж хүлээж авсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
