Баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалга, засвар үйлчилгээний татварыг 50 хувиар бууруулахаар болж байна

Д.Янжиндулам, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хэлэлцэн баталжээ.

Тодруулбал нийслэлээс хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд хоёр хувийн татвар ногдуулдаг.

Баар, ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто засвар, үйлчилгээ гэсэн зургаан төрлийн үйлчилгээний татварыг шинэ оны эхний өдрөөс 50 хувиар бууруулахаар болж байна. Ингэхдээ саарал ус ашигладаг автомашин угаалгын үйлчилгээнд хотын албан татварыг нэг хувь, цэвэр ус бол хоёр хувиар ногдуулахаар тусгажээ.

"Харин бүх төрлийн тамхи, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны одоо ногдуулж байгаа 2 хувийн албан татварыг өөрчлөхгүй. Цаашид нэмүү өртөг шингээн, дотоодод үйлдвэрлэгддэг энэхүү хоёр төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах татварыг эргэн харна" гэж хотын дарга Б.Пүрэвдагва мэдэгдэв.

Хотын албан татварын хувь хэмжээг бууруулах тухай тогтоолыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.