Төв аймгийн наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн гурван бөхөөс допинг илэрчээ
Энэ жилийн орон нутгийн баяр наадмын үеэр авсан допингийн шинжилгээний сорьцын лабораторийн шинжилгээний хариуг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МОНАДА) үе шаттайгаар хүлээн авч буй.
Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээний дүнгээр дараах долоон үндэсний бөхийн сорьцод хориотой бодис илэрсэн байна. Үүнд:
- Баянмөнхийн Батжаргал (Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлсэн)
- Санжсүрэнгийн Амарсанаа (Налайх дүүргийн баяр наадамд тав давсан)
- Төрмөнхийн Төгсдөлгөөн (Өмнөговь аймгийн баяр наадамд үзүүрлэсэн)
- Мягмарын Тэгшбаяр (Төв аймгийн баяр наадам түрүүлсэн)
- Мөнхбаярын Өсөхбаяр (Төв аймгийн баяр наадамд үзүүрлэсэн)
- Мөнхбаярын Даваадэмбэрэл (Төв аймгийн баяр наадамд тав давсан)
- Балтмөнхийн Бадамдорж (Сүхбаатар аймгийн баяр наадамд түрүүлсэн)
Мөн дараах дөрвөн тамирчны сорьцыг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн TD2022IRMS техникийн баримт бичгийн шаардлагын дагуу GC/C/IRMS (Gas Chromatography/Combustion/Isotope Ratio Mass Spectrometry) нарийвчилсан шинжилгээнд хамруулж байна. Энэхүү шинжилгээнд хамруулж байгаа нь тухайн сорьцод хориотой бодис илэрсэн гэсэн үг биш бөгөөд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн техникийн баримт бичгийн шаардлагын дагуу лабораториос нэмэлтээр хийдэг шинжилгээ юм. Үүнд:
- Мөнгөнцоожийн Мягмарцэрэн
- Бярваагийн Ганбат
- Жаргалсайханы Буянхишиг
- Даваадоржийн Төгсбаатар
Энэ жилийн баяр наадмын 17 аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүргийн бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан юм. Нийт 80 сорьцын шинжилгээний эцсийн хариугаар дараах аймаг, дүүргийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд:
- Баянхонгор аймаг
- Булган аймаг
- Дархан-Уул аймаг
- Дорноговь аймаг
- Дорнод аймаг
- Орхон аймаг
- Сэлэнгэ аймаг
- Увс аймаг
- Хөвсгөл аймаг
- Хэнтий аймаг
- Багануур дүүрэг
- Багахангай дүүрэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
