Каспийн тэнгист болсон халдлагын хариуд Ираны эрх баригчид Украиныг "зүгээр өнгөрөөхгүй" хэмээн сүрдүүлэв

Т.Давааням, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Украины алсын цохилт Каспийн тэнгист хүрч, тэнд зэвсэгт тээвэрлэж байсан Ираны хөлгийг оносон байна.

Энэ нь Украины болон Ираны дайнууд хоорондоо анх удаа шууд холбогдсон тохиолдол юм.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийнх нь зэвсэгт хүчний алсын цохилт Каспийн тэнгист “маш сайн үр дүнд хүрсэн” гэж Бямба гарагийн орой мэдэгдэж байв.

Украины аюулаас хамгаалах алба СБУ нисгэгчгүй онгоцнууд нь Каспийн тэнгисийн хойд хэсэгт оршдог газрын тосны платформ, Оросын пуужингийн завь болон олон улсын хориг арга хэмжээнд багтсан ачааны хөлгийг оносон тухай мэдээлжээ.

Москвад суугаа Ираны элчин сайд Казем Жалали өөрийн төв хэвлэлд ярихдаа “Anna” нэртэй ачааны хөлөг нь цохилтод өртөх үедээ Волга мөрний эхээс 5 км зайд зангуугаа буулгасан байсныг хэлсэн байна.

Израильд суугаа Украины элчин сайд Евгений Корничук уг хөлөг Иранаас Орос руу нисгэгчгүй онгоцны болон пуужингийн эд ангиудыг тээвэрлэж явсныг мэдээлжээ.

Израилийн N12 сувагт өгсөн ярилцлагадаа тэр Украин, Израиль улсууд ижил “чөтгөрийн тэнхлэг”-ийн эсрэг тэмцэж байгааг онцолсон байна.

зураг
 

Каспийн тэнгис нь Орос, Ираны хооронд ачаа тээвэрлэхэд маш чухал үүрэгтэй стратегийн усан зам юм.

Хөлөг онгоц нь Украины цохилтод өртөх үеэр нэг усан цэрэг алагдаж, хэд хэдэн цэрэг шархадсаныг Ираны тал мэдээлжээ.

Тус улсын гадаад хэргийн яам Иран “хэзээ ч Орос, Украины мөргөлдөөнд оролцож байгаагүй” гэж мэдэгдсэн бол гадаад хэргийн сайд Аббас Арагчи үүнийг “Европыг дайнд татан оруулахын тулд Израилийн заавраар хэрэгжүүлсэн, НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл” гэж дүгнээд “зүгээр өнгөрөөхгүй” гэж Украиныг заналхийлсэн байна.

Даваа гарагт Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига “Ираны сүрдүүлэг бол үндэслэлгүй , зөвтгөх аргагүй зүйл. Техраны дэглэм 2022 оноос хойш Украины эсрэг Оросын түрэмгийлэлд шууд оролцож, украинчуудыг хөнөөж буй зэвсгээр Москвагийн харгис бурангуй дайныг өдөөж байгаа” гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.

Сүүлийн саруудад Украины тал Оросын дайныг санхүүжүүлж буй газрын тосны үйлдвэрүүд, газрын тос тээвэрлэгч хөлгүүд рүү тасралтгүй довтолж байгаа.

Сүүлийн үед бас Оросын эдийн засгийн чухал хэсэг болох Wildberries онлайн худалдааны компанийн агуулах, ложистикийн төвүүдэд довтлох болсон.

Зарим ажиглагчид Украины цохилт Ираны эсрэг дайны шинэ фронт үүсгэж болзошгүй хэмээн болгоомжилж байна.

Armed Conflict Location and Event Data Project (Acled) төслийн судлаач Ольга Полишчук “Каспийн цохилт нь Техраны эсрэг шинэ фронт нээхээсээ илүүтэй Оросын дайны санхүүжилтийг таслах ажиллагааны шинэ тэлэлт юм. Энэ замыг онилсноороо Оросын хангамжийн сүлжээнд үзүүлэх дарамт шахалтаа Киев улам нэмэгдүүлж байгаа юм” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: BBC