Милейн удирдлага дор Аргентины эдийн засаг эрүүлжиж байгааг ОУВС-ийн тэргүүн магтжээ
Хатуу либерал үзэлтэй ерөнхийлөгч Хавьер Милейн удирдлага дор Аргентины эдийн засаг эрүүлжиж байгааг Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) захирал Кристалина Георгиева сайшаажээ.
Тэрбээр Даваа гарагт ОУВС-д их хэмжээний өртэй Аргентинд айлчилж, Милейтэй уулзахаасаа өмнө ингэж магтсан байна.
“Өнөөдөр бидэнд байгаа бүх үзүүлэлтээр бол 2023 оноос хойш илүү сайхан дүр зураг харагдаж байна” гэж тэр Аргентины эдийн засгийн сайд Луис Капутотой хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Милей ерөнхийлөгчөөр сонгогдохдоо төсвийн зардлыг бууруулж, инфляцыг хязгаарлах замаар эдийн засгаа сэргээх амлалтыг аргентинчуудад өгч байсан юм.
Гэвч түүний засгийн газрын хэрэгжүүлсэн хатуу чанга арга хэмжээнүүд олон нийтэд төдийлөн таалагдаагүй тул байнга эсэргүүцэлтэй тулгарч байв.
Георгиева энэхүү үр дүн нь “Аргентины засгийн газрын шаргуу хөдөлмөр, хүчтэй байр суурь, бас Аргентины иргэдийн золиослол дээр” бий болсныг онцолжээ.
Хоёр өдрийн айлчлалынхаа үеэр Вашингтонд төвтэй ОУВС-ийн захирал Аргентины төв банкны ерөнхийлөгч Сантяго Баусили, бизнесийн салбарын төлөөллүүд, судлаачидтай уулзах юм.
Өнөөдөр буюу Мягмар гарагт Георгиева нийслэл Буэнос-Айрес хотоос 1,200 км зайд оршдог, Аргентины экспортод чухал үүрэгтэй Вака Муэрта газрын тос, байгалийн хийн ордтой танилцах гэнэ.
Георгиевагийн айлчлал Милейн авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд янз бүрийн үр дүн авчирсан цаг үед тохиож байна.
Аргентины инфляц сүүлийн гурван сар дараалан буурах хандлага ажиглагдсан ч жилийн 33.5 хувьтай хэвээр байгаа.
Гэхдээ эдийн засгийн өсөлт төдийлөн хангалтгүй байна. 2026 оны өсөлтийг 3.5 хувьд хүрэх тооцоог ОУВС гаргасан ч сүүлийн нэг жилийн өсөлт 0.2 хувьтай байгаа.
Аргентины эдийн засгийн өсөлтийг 2027 онд 4 хувьд хүрэх тооцоог ОУВС гаргасан нь биелэхэд нэлээд хэцүү харагдаж байна.
Моргэйжийн зээлийн төлбөрийн найдваргүй байдал сүүлийн нэг жилийн хугацаанд гурав дахин өсөж, 12.8 хувьд хүрсэн нь 20 жилийн хамгийн өндөр түвшин юм.
2025 онд Аргентин улс ОУВС-тай дөрвөн жилийн хугацаатай, $20 тэрбумын санхүүжилтийн гэрээ байгуулсан.
Даваа гарагт Буэнос-Айрес хотод Георгиевагийн айлчлалыг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулагдсан байна.
Жагсагчид гартаа “Гадаад өрийг төлөхгүй” гэх мэт уриа барьсан байв.
Өөр нэг самбарт “Англичуудыг Мальвина арлаас, ОУВС-г Аргентинаас хөөн гаргах ёстой” гэсэн уриа бичсэн байжээ.
Мальвина нь Их Британитай газар нутгийн маргаантай Атлантын далайд оршдог арлын нэр юм. ОУВС-ийн захирал Аргентины дараа түүний хөрш Уругвай улсад айлчлахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
