Оросын эрх баригчид алдагдалтай ажиллаж буй төмөр замаа дэмжихийн тулд тариф өсгөх хугацааг нь урагшлуулжээ
Оросын эрх баригчид өрөнд баригдаж, алдагдал нь нэмэгдэж буй төрийн өмчит Оросын Төмөр Зам (РЖД) компанийг аврахын тулд тарифыг нь ирэх аравдугаар сараас өсгөхөөр болсныг бизнес мэдээллийн РБК сайт Ням гарагт мэдээлжээ.
Тариф өсгөх хугацааг анх 2027 оноос эхлэхээр төлөвлөж байсан бол одоо ийнхүү урагшлуулахаар болж байна.
Энэ оны аравдугаар сарын нэгнээс ачаа тээврийн тарифыг 8.5 хувь, холын зайн зорчигчийн тарифыг 9.2 хувиар өсгөхөөр болжээ.
Өмнө нь төлөвлөгөөнд байгаагүй 1 хувийн тээврийн аюулгүй байдлын татвар бий болсны дараа энэ оны гуравдугаар сард төмөр замын тарифыг өсгөх шаардлага анх гарч байжээ.
Төмөр замын ачаа тээврийн тарифыг өмнө нь 2025 онд 10, 2024 онд 13.8, 2023 онд 6.8, 2022 онд 8 хувиар тус тус өсгөж байв.
Гэвч алдагдал нь нэмэгдсээр байгаа.
Өнгөрсөн онд ачаа тээврийн нийт хэмжээ 1.1 тэрбум тоннд хүрсэн нь РЖД-ийн 2009 оноос хойших хамгийн доод түвшин болсон юм.
Энэ оны эхний таван сарын байдлаар ачаа тээврийн өсөлт нь дөнгөж 0.5 хувьтай байна.
2025 онд тус компанийн цэвэр ашиг өмнөх оны 50.7 тэрбум рублиэс 2.2 тэрбум рубль болж, 22 дахин буурсан юм.
Алдагдлаа бууруулахын тулд РЖД өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын хэмжээгээ өмнөх оны 1.5 их наяд рублиэс 890 сая рубль ($11.39 тэрбум) болгон эрс танажээ.
Хэдийгээр ийм арга хэмжээ авсан ч компанийн өрийн хэмжээ өнгөрсөн онд 800 тэрбум рублиэр ($10.24 тэрбум) өсөж, нийтдээ 4 их наяд рубльд ($51.20 тэрбум) хүрсэн байна.
Өнгөрсөн намар РЖД компанийн удирдлага Үндэсний Баялгийн Сангаас 200 тэрбум рублийн яаралтай санхүүжилт хүссэн ч Оросын засгийн газар татгалзсан хариу өгч байв.
Үүний дараа компанийн гүйцэтгэх захирал Олег Белозеров 2026 онд төв захиргааны 6,000 орчим ажлын байрыг цомхотгох төлөвлөгөөг зарласан юм.
Бас түлш, засвар үйлчилгээний урсгал зардлаа 74 тэрбум рублиэр хэмнэх төлөвлөгөөг зарлаж байжээ.
Эх сурвалж: RBC.ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
