Төмөр торны цаана тансаг амьдарч байгаа тухай мэдээлэл гарсны дараа рэппер Шон “Дидди” Комбсыг өөр шоронд шилжүүлэв
Шоронд хоригдож буй хип-хоп ертөнцийн томоохон зүтгэлтэн Шон "Дидди" Комбс тансаг амьдралын хэв маягаа үргэлжлүүлж, улмаар зодооны үеэр гэмтэл авсан гэх мэдээлэл гарсны дараа түүнийг Нью-Жерсигийн хорих ангиас Пенсильвани муж дахь холбооны шорон руу шилжүүлсэн тухай уг асуудалд ойр ажилладаг эх сурвалж Баасан гарагт мэдээлжээ.
Холбооны Шоронгийн Захиргаа 56 настай Комбсыг "FCI Fort Dix” хорих ангиас Нью-Йорк хотоос баруун тийш 250 орчим километр зайд оршдог Уильямспорт хотын өмнөд хэсэгт байрлах "FCI Allenwood Low" хорих анги руу шилжүүлснийг нэрээ нууцалсан албаны эх сурвалж баталсан байна.
Шоронгийн захиргаа Комбсыг шилжүүлсэн нь үнэн болохыг баталсан ч хоригдлын хувийн нууц, аюулгүй байдлын үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Комбсын хэвлэлийн төлөөлөгч Жуда Энгельмайер "Хоригдлуудыг хаана байрлуулах шийдвэрийг Холбооны Шоронгийн Захиргаа гаргадаг бөгөөд бид энэ шилжүүлэгтэй холбоотой нөхцөл байдлын талаар тайлбар өгөх боломжгүй" гэж мэдэгдсэн байна.
"Шон ирээдүйгээ бодож, урагш харахад анхаарлаа хандуулж байгаа бөгөөд шинэ хорих ангид өнгөрүүлэх хугацаа нь үр бүтээлтэй, саад бэрхшээлгүй өнгөрнө гэдэгт найдаж байна” гэж тэр цааш нь хэлжээ.
Комбс өнгөрсөн онд бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор хүмүүсийг муж хооронд тээвэрлэсэн, бусдын биеийг үнэлүүлсэн хэргээр шүүхээс дөрвөн жил, хоёр сарын хорих ял сонссон юм.
Энэ хэргийн шүүх хурлын үеэр түүний үйлдсэн хүчирхийлэл болон түүний "freak-offs" гэж нэрлэсэн садар самуун үдэшлэгүүдийн талаар аймшигтай мэдээллүүд ил болж байв.
Энэ нь хөгжим, энтертайнмент салбарын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгд тооцогддог түүний хувьд томоохон цохилт болсон юм.
Өнгөрсөн сард NBC News суваг Комбсыг "FCI Fort Dix" хорих ангид байхдаа ч саятан хүний амьдралын хэв маягаа үргэлжлүүлж, Hennessy коньяк нууцаар оруулж ирэх, бусад хоригдлуудаар хоол хийлгэх, өрөөгөө цэвэрлүүлэх, ор засуулах, биеэ бариулах зэрэг үйлдлүүд гаргадаг талаар анх мэдээлж байв.
Түүнчлэн тэрбээр хориглогдсон гар утас ашиглан сошиал сүлжээнд хандаж, хуучин найз бүсгүйнхээ нүцгэн зургийг үздэг талаар мэдээлсэн юм.
Лхагва гарагт TMZ сайт Комбсыг өөр хоригдолтой зодолдож, гэмтсэний улмаас эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлсэн ч шоронгийн захиргаа сүүлд үүнийг няцаасан байна.
NBC-ийн мэдээний дараа Комбсыг сахилгын асуудалтай болон аюултай хоригдлуудад зориулсан өндөр харуул хамгаалалттай, тусгаарлагдсан өрөөнд шилжүүлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
