Японы удирдагчийг “ганцаардуулсан” APEC-ийн дээд хэмжээний уулзалт Хятадын технологийн төв Шэньжэнь хотод өндөрлөв
Хятадын технологийн төв Шэньжэнь хотод хоёр өдөр үргэлжилсэн APEC-ийн (Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага) дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө.
Энэ уулзалтад хүрэлцэн ирсэн дэлхийн олон орны удирдагчдыг Хятадын эрх баригчид сүр дуулиантай угтан авч, хүндлэл үзүүлж байсан ч Япон улсын ерөнхий сайд Санае Такаичид ялгавартай хандсан мэт харагдаж байв.
Тэрбээр Лхагва гарагт Хятадад хүрэлцэн ирсэн нь түүний хувьд тус улсад хийсэн анхны айлчлал байлаа.
Такаичи өнгөрсөн онд Хятадын дарга Ши Жиньпинтэй зөрчилдөөнд хүргэхүйц мэдэгдэл хийж байсан юм. Тухайлбал, хэрэв Хятадын тал Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах нь Японы оршин тогтнолд аюул учруулбал Япон улс хариу арга хэмжээ авч болзошгүйг тэр анхааруулж байжээ.
Үүнээс үүдэлтэй маргаан худалдааны салбарт нөлөөлж, Японы худалдааны хамгийн том түнш болох Хятад улс автомашин, компьютерын чипээс эхлээд тийрэлтэт хөдөлгүүр хүртэлх олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглагддаг чухал ач холбогдолтой эрдэс бодисуудын экспортоо хязгаарласан байна.
Дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг хөгжим, баярын уухай, туг далбаа намируулан тоссон бөгөөд Ши Жиньпин уламжлалыг эвдэн өөрийн биеэр угтан авчээ.
Австралийн ерөнхий сайд Энтони Албаниз цэцгийн баглаа гардаж авсан бол Хятадтай харилцаа нь хурцадмал байдалтай байгаа хэдий ч Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниорыг бүжигчид тосож авсан байна.
Харин Такаичигийн хувьд Хятадын гадаад хэргийн яамны албаны хүнтэй гар барилцсаны дараа шууд машиндаа суун нисэх буудлаас явсан юм.
Энэхүү хүйтэн хөндий хандлага Пүрэв гарагт ч үргэлжилсэн бөгөөд удирдагчид APEC-ийн хүндэтгэлийн зураг авхуулах үйл ажиллагаанд цугларах үед Такаичи арын эгнээний зах хэсэгт зогссон бол Трамп, Ши Жиньпин, Путин нар урд эгнээнд гар барилцаж байв.
Хурлын танхимд Ши Жиньпин Трампын хажууд, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мёны эсрэг талд суусан бол Такаичи түүнээс долоон суудлын зайд, ширээний захад ойрхон суусан байлаа.
Ши Жиньпин, Такаичи нар Лхагва гарагийн оройн зоог дээр болон Пүрэв гарагт гар барилцсан хэдий ч Японы эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй дипломат маргааныг шийдвэрлэх талаар огт ярилцаагүй байна.
Хятадын талын хүйтэн хөндий харилцааны талаар сэтгүүлчид асуухад Японы засгийн газрын нарийн бичгийн дарга Минорү Кихара "Хүлээн авагч улс бусад орны удирдагчдад үзүүлсэнтэйгээ адил түүнд ч мөн зохих хүндэтгэлийг үзүүлсэн гэж бид ойлгож байна" хэмээн хариулжээ.
Харин Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг арай өөр өнцгөөс, илүү шүүмжлэлтэйгээр хүлээн авсан байна.
Бусад орны удирдагчдыг угтахдаа хүүхдүүд улаан цэцгийн баглаа барин даллаж байсан бол Такаичигийн онгоцыг газардах үед ийм зүйл болоогүй талаар Kyodo агентлаг шүүмжлэн мэдээлжээ.
APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Такаичи зөвхөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй 30 минутын турш уулзсан байна. Энэ үеэрээ тэр ОХУ-д саатуулагдаад буй Японы сэтгүүлчийг суллах, мөн "Japan Tobacco International" компанийн хөрөнгийг хураан авсантай холбогдуулан Японы компаниудын эрх ашгийг хамгаалах асуудлыг хөнджээ.
APEC-ийн уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр Такаичи 10 дахь удаагийн гадаад айлчлалынхаа туршид уулзаж, санал солилцсон 14 орны удирдагчийн нэрсийг дурдсан байна. Тэдний дунд Ши Жиньпиний нэр байгаагүй юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

