Согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийгөө болон гэр бүлээ угаартах эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлэв
Нийслэл хотод өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нийт 98 өрхөөс угаарын хийн дуудлага ирж, 294 иргэнийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Үүнээс 32 өрх утсаа аваагүй тул гэрээт хяналтын ажилтнууд гэрт нь очиж, ажилласан байна.
Иргэд шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа хороонд өрхийн бүртгэлээ яаралтай хийлгэж, 7011-9410 дугаарт холбогдон алсын зайн дамжуулагчтай угаар мэдрэгчээ суурилуулахыг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс санууллаа.
Түүнчлэн согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, өөрийгөө болон гэр бүлээ угаартах эрсдэлд оруулахгүй байхыг бодит тохиолдлоос үндэслэн онцгойлон сэрэмжлүүлэв.
Тус газраас мэдээлснээр энэ сарын 17-ны 17:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн дугаар тоот айлаас угаарын хий өссөн дуудлага хяналтын төвд бүртгэгджээ. Тус иргэнтэй холбогдож чадаагүй тул гэрээт хяналтын ажилтан гэрт нь очиход архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, зуух пийшингийн битүүмж алдагдаж, түлш хэтрүүлэн чихэж хийгээд пийшингийн тагийг нээсэн байжээ.
Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:
- Толгой өвдөх
- Чих шуугих
- Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох)
- Огиулж бөөлжих
- Ханиалгах
- Ухаан балартаж унах
- Гуйвж, дайвах. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгнө.
Угаарын хий нь үнэргүй, өнгөгүй учраас хордлогод орж эрүүл мэнд, амь насаараа хохирох аюултай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

