ХОХИРОГЧИД: Зарим нь гарааш түрээсэлж амьдрахдаа тулж байна

П.Сайнжаргал, IKON.MN
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах "Юникл таувер" ХХК-ийн Ю-Апартмент хотхоны захиалагчид байрандаа орж чадалгүй долоон жил болсон талаар мэдээллээ. 

Байр захиалж хохирсон иргэд Яармагийн шинэ хотын захиргааны үүдэнд өнөөдөр жагсаж, үүссэн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. 

"Бид өнөөдөр жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй нөхцөлд хүрсэн"


Хохирогч н.Мөнхтогоо: 2022 онд Ю-Апартмент хотхонд захиалга өгсөн ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадахгүй хохироод байна. 

Энэ компани хоёр блок барилга барьж эхэлсэн. Тухайн үедээ А блок нь ашиглалтад ороод Б блокийн 98 айл нэмж захиалга өгсөн байдаг. Гэвч 100 хувь мөнгөө төлсөн ч өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй зарим нь гарааш түрээсэлж, зарим нь гудамжинд орох оронгүй амьдарч байна.

"Юникл таувер" ХХК-ийн захирал нь захиалагчидтай уулзахгүй зугтааж байна. Иймд өнөөдөр жагсаал цуглаан хийхээс өөр аргагүй нөхцөлд хүрсэн. 

Саяхан барилгын компанийн төлөөлөлтэй уулзахад "Бид нар мөнгөгүй болсон учраас нэмж мөнгө өг. Ингэхгүй бол барилгыг цааш нь үргэлжлүүлж чадахгүй болсон. Тиймээс нэмж төлбөр авмаар байна" гэж ярьсан. 

Өнөөдрийг хүртэл зургаа, долоон жил хохирсон бид түрээсийн байранд давхар мөнгө төлөөд хохирч байгаа хүмүүс. Дээр нь орон сууц захиалгын төлбөрөө 100 хувь төлсөн. Бидэнд дахиад мөнгө өгөх боломж ч алга. 

Орон сууцны залилах гэмт хэргийг мөрдөн шалгах дэд ажлын хэсэг үүнийг шалгаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төлөөлөл болон барилгын компанийн удирдлагуудыг авчраад  гуравласан уулзалт хийж, энэ асуудалд хараа хяналт тавиад өгөөч ээ. 

"Хүний нутагт дөрвөн жил хар бор ажил хийж хөдөлмөрлөсөн мөнгөөрөө байр захиалаад хохирсон"

Хохирогч н.Ганцоож: Би 2019 онд байр захиалахдаа 100 хувь төлбөрөө төлсөн.  Намайг захиалга өгөхөд А блок нь ашиглалтад орж байсан.

А блок нь ашиглалтад орж байгаа юм чинь Б блок нь ашиглалтад орох боломжтой гэдэг үүднээс захиалга өгсөн байдаг. Би энэ байрны мөнгийг олохын тулд  хүний нутагт дөрвөн жил хар бор ажил хийж хөдөлмөрлөсөн. 

Эцэг, эхдээ төвөг болохгүйгээр ажиллаж хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө амьдралаа дээшлүүлье гэж хичээнгүйлэн ажилласан. 

Анх 2019 оны наймдугаар сард захиалга өгсөн. Бид коронавирусийн нөхцөл байдлыг ойлгож байгаа. Түүнээс хойш 2021, 2022 онд энэ барилга захиалга авсаар л байсан.

Одоо гол ярьж байгаа юмнууд нь "том фермер ажиллуулдаг", "том хуульчтай" гэж өөдөөс хууль эрх зүйн ярьдаг. "Та нар угаасаа байранд орох боломжгүй", “Бид барилга барьж чадахгүй” гэдэг.

Бид нар хуулийн мэдэгдэхүүнгүй, дээрээс нь уулзъя гэхээр холбогдох хаяг байхгүй. Шүүхээр явахаар хаяг нь тодорхойгүй шалтгаанаар шүүхийн нэхэмжлэх буцдаг. 

Тэд хуулиараа залхаан цээрлүүлээд долоон жил болчихлоо. Магадгүй би 2019 онд энэ байранд оруулсан мөнгөөрөө урьдчилгаа хийгээд төлж байсан бол гэж боддог. 15-20 жилээр авахад магадгүй долоон жилээ төлчхөөд 11 жилийн дараа би байраа авчих боломжтой нөхцөл байдал үүсэх ч байсан юм билүү. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав