"Ерөнхийлөгч өө, яагаад таны үгэнд ордог дүү нар сэнтийд заларч, ороогүй нь Интерполоор эрэн сурвалжлагддаг болоод байна вэ?"
Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчөөс асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "Туйлын сайн хүн, туйлын муу хүн гэж байхгүй. Харин сайн хүнийг "сохор" болтол нь зусардан бялдуучилж чаддаг этгээдүүд гэж бий.
Би өнөөдөр энэ танхимд Ерөнхийлөгчийн өмнөөс бялуурчихлаа. Ямар аймар пялдагадалт вэ. Үнэхээр жигшмээр байна.
Нэг зүйлийг онцолж хэлье. Ерөнхийлөгч сайн хүн, сайхан хүн. Гэхдээ бас үнэнийг ярья. Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхэд яагаад бүгдээрээ "гөлөг" болчихдог юм бэ? Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш үүнийг хэд хэдэн удаа мэдэрч байна. Ард түмний парламент мөн юм бол яагаад зарим хүн үнэнийг хэлэхгүй, яагаад ард түмний үгийг дайхгүй, яагаад бүгдээрээ "гөлөг" болоод суугаад байгаа юм бэ?
Ерөнхийлөгчийн үгнээс хэд хэдэн зүйлийг анзаарлаа. Та бол нэг "шувуу"-нд маш хорсолтой байгааг ойлголоо. Тэр хүн үндэсний эв нэгдлийг бутаргасан гэж бүх хууль хяналтын байгууллагаар явах юм байна гэдгийг ойлголоо. Ийм байдлаас чинь үүдээд энд байгаа ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд "гөлөг" болоод суугаад байдаг юм биш биз гэж би хувьдаа айлаа.
Яагаад таны хөтөлж орсон дүү нар таны үгэнд орвол сэнтийд заларч, үгэнд нь орохгүй бол энд тэндээс гадаад руу бултдаг, зугтдаг, үгэнд орохгүй хэн ч байсан Интерполоор эрэн сурвалжлагддаг болоод байгаа вэ? Ц.Элбэгдорж гуай хааччихсан бэ, нэг хэсэг Интерполоор Ч.Сайханбилэг гээд яваад л байсан. Одоо байхгүй. Ард түмэн алинд нь итгэх вэ? Та эх орны төлөө гэж байна. Үнэхээр эх орны төлөө юм бол танд таван жил байсан шүү дээ. Танд шударга ёсыг тогтоох таван жилийн хугацаа байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч нарын түүхэнд байгаагүй таван жил гаруйн хугацаа байсан шүү, Ерөнхийлөгч өө" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
