Хятад улс Оросын үйлдвэрлэлдээ ашигладаг дроны эд ангиудын экспортын хяналтыг чангатгажээ
Хятад улс Ираны зохион бүтээсэн Шахед довтолгооны нисгэгчгүй онгоцыг угсрах, ажиллуулахад Оросын ашигладаг эд ангиудад экспортын шинэ хяналт тогтоосон талаар Украины хэвлэлүүд мэдээлжээ.
Эдгээр хязгаарлалтууд нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг Хятадын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нартай уулзахаар Шэньжэнь хотод ирсэн өдрөөс буюу Лхагва гарагаас хэрэгжиж эхэлсэн байна.
Хятадын худалдааны яамнаас гаргасан мэдэгдлийн дагуу экспортлогчид нисгэгчгүй онгоцны хөдөлгүүр, радио модуль, хурд хянагч, цахилгаан мотор зэрэг тодорхой эд ангиудыг гадаадад гаргахын тулд зөвшөөрөл авах ёстой болжээ.
Хязгаарлалтад хамрагдсан зарим хөдөлгүүрүүдийг Татарстаны Алабуга хот дахь үйлдвэрт угсардаг Шахедын нисгэгчгүй онгоцонд ашигладаг юм байна.
Украины ерөнхийлөгчийн хориг арга хэмжээний комиссар Владислав Власюк шинэ хязгаарлалт тогтоосон Хятад улсад талархал илэрхийлж, тэдгээрийг хатуу чанд мөрдөнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
"Бид эдгээр эд ангиуд болон тэдгээрийн Хятад дахь үйлдвэрлэгчдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хуваалцсан бөгөөд эдгээр экспортын бүтээгдэхүүнүүдийг хатуу хяналтад авна гэдэгт найдаж байна" гэж тэр X хуудсандаа бичсэн байна.
Гэхдээ Власюк нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлд ашигладаг зарим чухал эд ангиуд шинэ хязгаарлалтад багтаагүй хэвээр байгааг мэдэгджээ.
Орос улс Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас өндөр технологи тал дээр Хятад улсаас улам бүр хамааралтай болж байгаа.
Блүүмбэрг агентлаг өмнө нь Орос улс технологийн чухал эд ангийнхаа бараг 90 хувийг Хятадаас авдаг болсон нь жилийн өмнөх 80 хувиас өссөн үзүүлэлт болохыг мэдээлж байлаа.
Эх сурвалж: Kyiv Independent
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

